Энэ долоо хоногийн 12 ордын зурхай
12 ордын энэ долоо хоногийн зурхайг танилцуулж байна (2024/09/02 - 2024/09/08)
Хонь: Энэ долоо хоног бизнес эрхлэгч нар үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах тал дээр дорвитой арга хэмжээ авах үе. Өмнө нь шийдвэрлэж чадаагүй бичиг баримтын асуудлаа зохицуулах тал дээр амжилттай бүтнэ. Од эрхэс боломжоо бодитоор үнэлж цэгнэхийг зөвлөж байна. Сайхан өөрчлөлтөд дургүй хүн гэж үгүй ч энэ нь хүлээсэн үүрэг хариуцлагатай тань зөрчилдөж болзошгүй. Би гэсэн үзэлтэй хүмүүсийг олон нийт тойрон хүрээлэхгүй. Зарим хүмүүс ганцаардмал байдлаасаа болж бухимдаж, сэтгэл гутралд хүрч болзошгүй. Сэтгэл санааны хямралаа хэт ил гаргаснаар бусдын дунд элэг доог болж магадгүй. Дотоод сэтгэлээ чагнаж, амьдралаа шинээр төлөвлөөрэй. Хувийн амьдралд олон таатай зүйл тохиолдож, эерэг хүмүүстэй уулзаж ярилцах болно. Гэвч зарим зүйл ажил хэрэгтэй тань огтхон ч хамааралгүй байх тул гол шугамаасаа хазайх хэрэггүй. Ямар ч үед яаран сандран шийдвэр гаргахгүй байж, өөрийгөө удирдахыг хичээ. Өөрийн тогтвортой байдлыг хамгаалах зарим нэг оролдлогыг хий. Гэвч таны хүссэнээр ихэнх зүйл болохгүй. Үүсэж буй нөхцөл байдлаас та хяналтаа алдаж хоцорно. Аливаа зүйлд маш няхуур болгоомжтой хандахыг анхааруулж байна. Өөртөө дүн шинжилгээ хийж бусдад буян үйлдэхийг хүснэ. Аялалд явах, үр хүүхдүүдийнхээ дуртай зүйлийг хийх зэргээр сайн аав ээж байж чадна. Олон нийтийн газар хүмүүстэй маргахгүй байхыг зөвлөж байна. Бусдын хар хэл ам таныг тайван орхихгүй гэдгийг санаарай.
Үхэр: Энэ долоо хоногт хойш тавьсан ажил тань хугацаа тулж таныг багагүй сандаргаж магадгүй. Гэхдээ ажил үйлс удахгүй хэвийн үргэлжилнэ. Уран бүтээлч сэтгэхүй нь олон бүтээлч санаа төрүүлнэ. Ажил хэрэгч хүмүүст таатай үе байна. Өөрийн итгэл үнэмшил, баримталдаг чиг шугамаас хазайх хэрэггүй. Нэрд гарч, олны танил болох гэж хичээх хиймэл оролдлого нь танд эргээд сөргөөр нөлөөлнө. Хөндлөнгөөс ирэх санал шүүмжлэлд эмзэг хандах хэрэггүй. Шинэ боломж танд давуу тал байгааг харуулна. Биеэ тоолгүй үг үйлдэл болон сэтгэл хөдлөлөө удирд. Илүү үг, ихэмсэг зан нь таагүй нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй. Ойрын хугацаанд танд ирэх ашиг орлого олж болох ажлын саналыг алдалгүй барьж аваарай. Гэнэтийн үйл ажиллагаанд зардалд зориулж хуримтлал цуглуул. Мөн санхүүгийн хүндрэл бэрхшээлээс урьдчилан сэргийлэх арга зам хай. Томоохон хэмжээний худалдан авалт хийх юм бол өрөө төлөхтэй холбоотой асуудал гарна. Өөрийн хүч хөдөлмөрийг хэрэггүй зүйлд зарцуулах хэрэггүй. Хөрөнгө оруулалт хийх гэж яарсны хэрэггүй гэдгийг од эрхэс танд зөвлөж байна. Магадгүй санхүүгийн таагүй асуудал гарч болзошгүй байна. Гаргасан шийдвэрээ нухацтай бодож, эргэн харахыг зөвлөж байна.
Ихэр: Энэ долоо хоногт аз туршсан зүйл хийхгүй байхыг зөвлөж байна. Шинэ адал явдлыг бий болгох гэж оролдох үед олон саад бэрхшээлтэй учирна. Холоос ирэх мэдээ таны хувьд гэнэтийн байх бөгөөд ажлын үйл явцад муугаар нөлөөлж болохуйц сөрөг үр дагаварт хүргэнэ. Бусдын таагүй бодол, гөжүүд зангаас амар амгалан, өөртөө итгэлтэй байдал тань алдагдаж магадгүй. Хойш тавьсан ажлуудаа гүйцээж байж шинэ ажлын эхлэлд бэлдээрэй. Өөрийн хүчин чармайлт, хийж бүтээх чин эрмэлзлийнхээ хүчээр та завгүй ачаалалтай ч үр дүнтэй ажиллах болно. Мөнгө санхүүгийн хувьд ямар нэгэн ахиц дэвшил гарна. Зарим нэг асуудлыг шийдвэрлэхэд төрийн хүнд суртал, эрх мэдэлтний ааш авир ямар төвөгтэй байдгийг өөрийн биеэр мэдэрнэ. Гэсэн ч ихэнх төлөвлөсөн ажлаа амжилттай шийдвэрлүүлэх болно. Харин өөрийн ажлыг бүтээх гэж буруу үйлдэл хийх нь эргээд танд эрсдэл учруулна гэдгийг санаарай. Шударга үнэнээр явахад хэзээ нэг өдөр санаснаа гүйцэлдүүлж чадна гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Бусдын тусламж дэмжлэг хариу нэхсэн хандлагатай байвал өөрөө амжилтад хүрч чадна гэдэгтээ итгээрэй. Өөртөө дүгнэлт хийж, одоогийн үйлдэлдээ шүүмжлэлтэй хандахыг зөвлөж байна. Амьдралдаа ахадсан, хүч хүрэхээргүй зүйл рүү тэмүүлэх хэрэггүй. Танд ойр дотнын хүмүүсийн өгсөн зөвлөгөө хамгийн үнэтэй байх болно. Гэхдээ бие дааж сурахгүй бол хэцүү сонголт хийх шаардлага тулгарах үед шийдвэрлэж чадахгүйд хүрнэ. Хайр дурлалын харилцаа өрнөл ихтэй ч амжилттай байх болно. Ганц бие хүмүүс хосоо олж, цаашдын амьдралынхаа тухай төлөвлөхөд хүрнэ. Удаан уулзаагүй төрөл садан ойр дотнын хүмүүстэйгээ уулзах үе ирнэ.
Мэлхий: Долоо хоногийн эхээр ажил хэрэгт үүсэх таагүй байдал, сөрөг хандлагаас од эрхэс таныг хамгаалах болно. Ажил хэрэгч хүмүүс хувийн хичээл зүтгэл, хүчин чармайлт бүхэндээ сэтгэл ханамжтай байхыг зөвлөж байна. Танд атаархаж явдаг хүмүүс урхи тавьж магадгүй. Өрсөлдөөнд улайрах юм бол өөрөө таагүй байдалд орно. Харин илүү тэвчээртэй байснаар таны нэр хүнд мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэж магадгүй. Гэхдээ өөрийн байр сууриа сайн хамгаалах юм бол удахгүй бүх зүйл хэвийн болно. Сайн бодож төлөвлөсөн ажил амжилт авчирч чадна. Долоо хоногийн дундуур ямар нэгэн өөрчлөлт хийсэн ажлуудад туйлын таатай байна. Гэр бүл ойр дотнын хүмүүсийн хүрээнд бага хэмжээний баяр тэмдэглэх нь танд аз жаргалыг авчирна. Амьдралын эрч хүч оргилох тул төлөвлөсөн ажлаа зоригтой барьж ав. Дотнын хүнтэй төлөвлөсөн романтик харилцаа нь сэтгэлд тань удтал хадгалагдах дурсамж дүүрэн болж өнгөрнө. Ганц бие хүмүүсийг хайрын учрал хүлээж байна. Харин долоо хоногийн сүүлээр ажилдаа дүгнэлт хийж энэ сард юу хийж амжуулах талаар төлөвлөхөд тохиромжтой үе. Эрүүл мэндийн асуудал гарч болзошгүй. Хоол хүнсэндээ онцгой анхаараарай. Хувийн амьдралд бага зэргийн хямрал үүсэж мэдэх ч зөв хөдөлж, ухаалгаар сэтгэж чадвал үүссэн нөхцөл байдлыг амархан дарж чадна.
Арслан: Энэ долоо хоногт ямар нэгэн өөрчлөлтийг төлөвлөж байгаа бол цаг алдалгүй хийхийг зөвлөж байна. Гаднаас ирэх таагүй нөлөө таныг тойрохгүй бололтой. Нөхцөл байдлаа мэдрэхгүй хатуу ширүүн аашлах нь уур амьсгалыг улам эвдэж байгаагаа ойлго. Аливаа зүйлд аядуу зөөлөн хандахыг зөвлөж байна. Аливаа бүхнийг олон өнцгөөс харж чаддаг, ажилч хичээнгүй зан байдал таагүй хандлагуудыг үгүй хийж чадна. Бүх зүйл таны хүслээр болохгүй байгаа ч цаг нь ирэхээр хийж буй бүхэн тань амжилт дагуулна гэдэгт итгэлтэй байж болно. Өмнө нь хийсэн ажлынхаа үр дүн шимийг хүртэх мөч иржээ. Хэт их хүч хөдөлмөр шавхан байж бүтээсэн ажил олны талархлыг хүлээхүйц болж чадна. Өөрт байгаа бүхэндээ сэтгэл ханамжтай байвал сэтгэл санааны хувьд тайвшрал олно. Мэдрэмжтэй байдал тань бусдын сэтгэл санаанд эергээр нөлөөлнө. Тодорхой нэг зүйлийг сонирхож, түүндээ шимтэн дурлах нь амжилт олох гол үндэс болно. Гэхдээ өөрийн боломжоо зөв үнэлж, тооцоорой. Гаднаас ирэх хэрүүл шуугианы нөлөөнөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай. Жижиг асуудал гэлгүй тулгарсан бэрхшээл саадыг тухай бүрд нь шийдвэрлэхийг хичээ. Агаар салхинд гарч, таагүй асуудлаа толгойноосоо авч хаян бүхий л үед амьдралын аз жаргалыг мэдрэхийг хичээ. Сул дорой биетэй, сэтгэл санаа таагүй байгаа бол том бөгөөд чухал ажлыг барих хэрэггүй. Хайртай хүнээсээ сэтгэлийн таашаал, урам зориг эрч хүчийг авна.
Охин: Энэ долоо хоногт сэтгэл санааны байдал тогтворгүй байснаас болж хямарч улмаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Энгийн хялбар ажлыг зөнд нь орхиод төвөгтэй, цаг хугацаа их шаардах ажлаа л амжуулаарай. Таны тоомжиргүй байдал эцэстээ тэвдэж сандрах байдалд хүргэж мэднэ. Хамт олон болон бусад хүмүүстэй харьцахдаа болгоомжтой харьцаарай. Хэн нэгний хууран мэхлэлт, төөрөгдөлд автахгүй байхыг хичээ. Цаг үеийн нөхцөл байдлын улмаас сэтгэл санааны байдал хувьсан өөрчлөгдөнө. Бүгдийг хянаж чадахгүй, энерги сул байна. Гаднаас үзүүлэх нөлөөлөлд сэтгэл хөөрлөөр хандах хэрэггүй. Азад найдаж эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Олон үйл явдал тохиолдох үед сэтгэлээр унах хүмүүс одоо бол өөрчлөлт хийх хэрэгтэй. Харин долоо хоногийн сүүл рүү эрч хүчтэй байх тул төлөвлөсөн ажлаа амжуул. Алгуурлаж хойшлуулах тусам цаг алдаж, бүтэхгүй байдалд хүрч мэднэ. Ажил хэрэгч хүмүүс өөрийгөө хөгжүүлэх, мэдлэгээ нэмэгдүүлэх, шинэ нээлт хийх зэрэгт амжилттай байна. Нөхцөл байдал танд урам зориг өгөх бөгөөд үйл ажиллагаа тань ашиг орлогыг авчрах болно. Олны анхаарлын төвд байж, сонирхолтой газар байхыг хүснэ. Олон нийтийн ажил хийдэг хүмүүст тодорхой хэмжээний үүрэг оногдож магадгүй. Зорилгодоо үнэнч байж өөрийн амьдралыг гэрэл гэгээ рүү хөтлөх эхлэлээ тавь.
Жинлүүр: Энэ долоо хоногт найз нөхөд, хамт олондоо анхаарал тавьж, хандлагаа өөрчилснөөр та илүү амжилтыг олох болно. Гэрээ хэлэлцээр байгуулах болон мөнгө санхүүгийн ажил нь урд урдынхаас илүү амжилттай болно. Мэргэжлийн үйл ажиллагаа нь үргэлж идэвх зүтгэл, ур чадвар шаардах болно гэдгийг санаж анхаарлаа сулруулахгүй байхыг зөвлөж байна. Долоо хоногийн дундуур сэтгэл санаа хямарч, биеийн байдал доройтох төлөвтэй ч та тайван байдлаа хадгалж, хэрүүл шуугианд орооцолдохоос зайлсхийгээрэй. Төлөвлөсөн ажил тань буруу тийш чиглэсэнд та нэлээд бухимдан хамтын ажиллагааны үед өөрийн хүсэл зоригоор бүгдийг хийснээрээ, бусдын урмыг хугална. Хосууд хайрын харилцаагаа сэвтээхээс болгоомжил. Хувийн амьдралдаа үүссэн хэрүүл тэмцэл, ямар нэгэн таагүй зүйлийг ажилтайгаа хутгах хэрэггүй. Харин долоо хоногийн сүүлээр зарим шаардлагатай өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх гэж хичээх бөгөөд энэ нь үр дүнгээ өгнө. Магадгүй таныг томоохон боломж ч хүлээж байх магадлалтай. Од эрхэс таны ажилч хичээнгүй байдлыг үнэлж, тусламж илгээхэд бэлэн байна. Ашиг орлого олж мэдэх санал танд ирэх бололтой. Бүхий л харилцаагаа эерэг зөв байлгаж ажил хэргийн болон бусад асуудлаар танд хандсан хүмүүсийг ойр дотно хүлээж ав. Бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаарай. Танд ирэх мэдээлэл үнэн бодитой эсэхийг шалгаж байж арга хэмжээг авахгүй бол сөргөөр нөлөөлж болзошгүй. Хоосон хов живээс холхон байхыг бодоорой.
Хилэнц: Энэ долоо хоногт эрч хүчтэй бөгөөд илүү идэвхтэй байдал бага зэрэг буурах нь хуримтлагдсан асуудлаа зохицуулж чадахгүйд хүргэнэ. Хэн нэгний зөвлөгөөг үл тоох магадлалтай. Өөртөө санаа тавьсан хэн нэгнийг цааш түлхэх байдал гаргаж мэднэ. Шинэ танилтай болох эсвэл нөлөө бүхий хүмүүстэй танилцах магадлалтай. Зарим хүмүүсийн тусламжтайгаар хүнд үеийг даван туулна. Дэмий зарлага гарах магадлал өндөр байгааг од эрхэс сануулж байгаа тул анхаарал болгоомжтой байгаарай. Эрсдэлтэй, эргэлзээ дагуулсан зүйл рүү тэмүүлэх, бодлогогүй алхам хийхээс зайлсхий. Азгүй байдлыг тойрон гарахгүй бол санхүүгийн алдагдалд орж мэднэ. Буруу мэдээлэл асуудалд оруулах хандлагатай байна. Хайр сэтгэлийн асуудалдаа хэт автаж, бусдын нөлөөнд орохгүй байхыг зөвлөж байна. Хөнгөмсөг хүнтэй учирч болзошгүй. Таны санаандгүй хэлсэн үг хэн нэгнийг сэтгэлийн шархыг хөндөж, гомдооно. Хайр дурлалын адал явдал сэтгэл санаагаар унагана. Энэ үед хамтрагчтай хамт төвөгтэй асуудалд орж болзошгүй. Хөдөө гадаа явах, төлөвлөөгүй аялал зэрэг нь аз жаргалыг мэдрүүлнэ. Ахмад настай хүмүүсийн заавар зөвлөмжийг цаг үргэлж санаж, тэднийг хайрлаж хүндэл. Хайртай хүмүүстээ чөлөөт цагаа зориул. Зарим нэг зөрчилдөөнтэй сөрөг хандлага аяндаа засарч, хэвийн харилцаа бий болно.
Нум: Долоо хоногийн эхээр таны хүч хөдөлмөр олон тийш тарамдахгүй байх үе. Хамтын хүчээр ажлаа амжилттай болгох болно. Шинэ төсөл хөтөлбөр нь ихээхэн хөдөлмөр, зүтгэл шаардах болно. Итгэмтгий хүмүүс үйл явдлыг хэт хүндээр хүлээж авах нь ирээдүйд маш олон асуудал үүсгэж магадгүй. Тийм болохоор өөрийн бусадтай харилцах харьцаандаа шүүмжлэлтэй хандаарай. Гадна дотноос олон зочид гийчид хүлээж авч магадгүй. Сэтгэл хөдлөлөө барьж тайван байхыг зөвлөж байна. Харин долоо хоногийн дундуур бодлогогүй амлалт өгөх болон хэцүү үүрэг биелүүлэх гэж бүү оролдоорой. Одоо танд хамгийн чухал нь юу вэ гэдгийг ухаарах цаг ирснийг анхаар. Бүхнийг шинээр эхлэх, танилцах зэрэгт ээлтэй үе. Долоо хоногийн сүүлээр ганцаардан, эргэн тойрны хүмүүсээс хүйтэн хөндий байдлыг мэдрэх болно. Нөхцөл байдлын өрнөл, цаг хугацааны аясаар таны одоогийн байдал аяндаа дээрдэж магадгүй тул үүнд хэнийг ч буруутгах хэрэггүй. Хэн нэгний оролцоо туслалцаа байхгүй байсан ч та нэлээд хэцүү ажлын ард гарна. Шинэ өөрчлөлт хийхэд таатай. Таны хичээл зүтгэл эргэн тойрны олон хүнд нөлөөлж зөв хандлагыг эхлүүлж бусдын хүндлэлийг хүлээнэ. Ямар ч тохиолдолд өөрийгөө алдаж, эвдрэхгүй байхыг зөвлөж байна.
Матар: Долоо хоногийн эхээр өөрт байгаа эрч хүчээ хий дэмий зүйлд зарцуулах юм бол гаргасан алдаагаа буцааж засахад хэцүү байх болно гэдгийг бүү мартаарай. Бусадтай муудалцаж, хэл ам хийхээс зайлсхий. Ямар ч ажил хэргийг зохих ёсоор явуулахад хүндрэлтэй байна. Хий хоосон яриа, хэрэггүй үйл явдалд анхаарлаа хандуулах хэрэггүй. Учир нь чухал зүйлийн анзаарахгүй өнгөрүүлэх магадлалтай. Долоо хоногийн дундуур шалтгаангүй гомдоллох, хардаж сэрдэх, сэжиглэх зэрэг нь хамтрагчийнхаа дургүйцлийг хүргэж харилцаагаа муутгах үндэс болж магадгүй. Хувийн амьдралдаа үүссэн хэрүүл тэмцэл, ямар нэгэн таагүй зүйлээ албан ажилтайгаа хутгах хэрэггүй. Бодсон санасан болгоноо уламжлалт биш шинэлэг аргаар хийж гүйцэтгэх нь оновчтой болно. Аливаа учрал тохиол бүрд хайнга хандах хэрэггүй. Таны үйлдэл бусад хүнд төвөг учруулах зүйл болж хувирах магадлалтай түүнээсээ болоод ойр дотнын хүмүүстээ тус болох гэсэн биш ус болсон мэт сэтгэгдэл төрнө. Бүх зүйл сайхан болтол цаг хугацаа хэрэгтэй гэдгийг санаарай. Харин долоо хоногийн сүүлээр дуртай зүйлийнх нь талаар хайртай хүнтэйгээ ярилцаарай. эргэн тойронд хурцадмал байдал үүсэх магадлал өндөр байна. Хэрэв танд энэ үед тохиох сорилтыг давж чадвал гэр бүлд тайван амгалан байдал, харилцан ойлголцол үүснэ. Хүчтэй сэтгэл хөдлөл таныг бүрэн эзэмдэж янз бүрийн таагүй зүйлд автуулж болзошгүй. Тиймээс ямар ч нөхцөл байдалд байр сууриа хадгалж, өөртөө амарч тайвшрах боломж олж авахыг хичээ.
Хумх: Энэ долоо хоногт удалдаа наймаа, мөнгө санхүүгийн үйл ажиллагаа амжилттай байх магадлалтай. Өөрт оногдсон ажлаа нэр төртэйгөөр, уран бүтээлчээр хийж гүйцэтгэ. Өвөрмөц сонин хачин зүйлтэй учирч, түүндээ хөтлөгдөн олон зүйлийг таньж мэдэхийг хүснэ. Танил мэдрэмжийг өөрчлөн, тэс өөр ертөнцийг таны өмнө нээх шинэ учрал тохионо. Таныг хүрээлэлд буй бүхий л хүмүүстэй болгоомжтой харьцаарай. Биеэ тоосон их зан, бусдыг өнгөц дүгнэх хандлага танд сөргөөр нөлөөлөх болно. Ажил хэрэгт ч хувийн амьдралд ч таны итгэлийг алдсан хүмүүсээс зайгаа барьж, цаашид харилцаа холбоо тогтоох хэрэггүй. Бусдын нөлөөнд автах магадлалтай. Сайн мэдэхгүй хүнд хувийн зовлон жаргалаа тоочих хэрэггүй. Зарим хүмүүс таны эсрэг явуулга хийж болзошгүйг анхаар. Энэ үед үр ашиггүй зүйлд хөрөнгө оруулалт хийснээр томоохон алдагдалд орно. Гэхдээ бүх зүйл боломжтой мэт санагдах ч бусдын тусламж дэмжлэггүйгээр бүхнийг ганцаараа хийх хэрэггүй. Өөртөө итгэлтэй байх ч өөрийн хүч боломжийг хэтрүүлэн үнэлэхээс зайлсхий. Оюун ухаан, хүч хөдөлмөр ашиглан шинэ бизнесээ олох эрэл хайгуул хий. Идэвхтэй байж уран сэтгэмж, дотоод мэдрэмжээ гарга. Өөрийгөө зөв илэрхийлж чадвал олонд үнэлэгдэх сайн ажлыг бүтээх болно. Гэртээ засвар хийх, эд хөрөнгөө эмх цэгцэд оруулахад тохиромжтой үе. Гэр бүлийн хүрээнд багахан баяр тэмдэглэх ч бололтой.
Загас: Энэ долоо хоногт оюун ухаан, мэдлэг чадвараа бүгдийг нь дайчлан, олдсон боломжийг ашиглан удирдлагыг гартаа ав. Хэрэв танд бүтэлгүйтэл тохиолдсон ч тайван байдлаа хадгалж чадвал хямралд өртөхгүй байх болно. Бүгдийг амжуулах гэж оролдох нь эцэстээ таныг ядаргаанд оруулж мэднэ. Өөрийн үзэл бодол, хэлэх үгээ хэтэрхий чөлөөтэй, өндөр дуугаар илэрхийлэх хэрэггүй. Ямар нэгэн гэнэт ирсэн мэдээллээс болж ажлын байрны тэнцвэрт байдал өөрчлөгдөнө. Сэтгэл зүй сайтай байхгүй бол эрүүл мэнд муудаж магадгүй. Ойр дотнын хүмүүстээ үнэнч шударга байж, өөртөө аль болох шүүмжлэлтэй хандаарай. Хувийн амьдралдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргасан бол сэтгэл гутралд орж магадгүй. Хосууд харилцаан дээрээ анхаарч илэн далангүй бай. Сөрөг энергитэй, хэл амтай хүмүүсээс зайгаа барихыг зөвлөж байна. Хувийн амьдралтай холбоотой асуудлаа ажил дээрээ ил гаргаж эргэн тойрондоо таагүй хандлага үүсгэх хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү ажлын харилцаа холбоо тогтооход таатай байхаас гадна гэр бүлийн гишүүдтэйгээ харилцан шийдэлд хүрч магадгүй үе. Хамт ажилладаг хүнийхээ тусламжтайгаар олдохгүй байсан боломжийн үзүүрээс атгана. Ойр дотнын хүмүүс, үнэнч найз нөхөдтэйгөө эелдэг харьцаарай. Та нуугдмал авьяас чадвараа нээн, олонд хүндлэгдэнэ. Ажлын өдрүүдийн хэт ачааллаас болж нэлээд ядарснаа маш ихээр мэдэрнэ. Танд ойр дотнын хүний хайр халамж ихээр үгүйлэгдэнэ. Аль болох амар тайван орчинд байхыг хичээ. Хайртай хүнтэйгээ өнгөрүүлэх цаг мөч бүхэн үнэ цэнтэй байх хэрэгтэй. Зарим хүмүүсийг гэнэтийн бэлэг, сайхан мэдээ хүлээж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.