Багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшаар ажиллах талаар мэдээлэл өглөө
Багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багш ажиллуулах талаар Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр мэдээлэл өгөв.
Тэрбээр, “Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам батлагдсанаар журамд заасан мэргэжлээр гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуус, чадварлаг боловсон хүчин боловсролын салбарт ажиллах нөхцөл бүрдэж, багшийн дутлыг нөхөх, ачааллыг бууруулах боломжтой. Үндсэн багшаар бус гэрээт багшаар ажиллана. Энэ бол олон цогц ажлын нэг хэсэг, богино хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ юм” гэдгийг тодотгов.
Тэрбээр, "Манай улсад өнөөдрийн байдлаар 4200 орчим багшийн сул орон тоо байна. Англи хэлний багш 11 хувь, физикийн багш 10 хувь, химийн багш 10 хувь, технологийн багш 9 хувь зэргээр багш нарын хомсдол их байгаа. Гудамжинд явж байгаа хүнийг 45 хоногийн сургалтад суулгаж, багш бэлтгэнэ гэсэн үг биш.
Дээрх мэргэжлээр гадаад дотоодын их, дээд сургуулиудыг 2.7 буюу 80 хувиас дээш үнэлгээтэй төгссөн хүмүүсийг багшаар ажиллахыг урьж байгаа юм.
Өнөөдөр зөвхөн Монгол Улс багшийн хомсдолд ороогүй. Дэлхийн улс орнууд 20 жил тутамд багшийн дутагдалд орж буй. Энэ оны хоёрдугаар сард ЮНЕСКО-гоос гаргасан тайланд "2030 он гэхэд дэлхий даяар 44 сая багшийн эрэлт үүснэ" гэж дурджээ. Энэ нь хөгжиж буй орнууд биш, боловсролын систем нь өндөр хөгжсөн Европ, Хойд Америкийн бүс нутагт ч тохиолдож байгаа үзэгдэл.
Манай улсад багшаас гадна хөдөө аж ахуй, цагдаа, эмч, лабораторийн мэргэжилтэн, сувилагч зэрэг олон салбарын мэргэжилтэн хомсдолтой байна. Энэ асуудлыг богино хугацаанд хурдтай шийдвэрлэх хэрэгтэй байна.
Сургуулийн удирдлагуудтай уулзаж байхад "Багшийн хомсдолыг хурдан шийдээд өгөөч" гэдэг. Урьд нь багш нарыг сонгон шалгаруулж авдаг байсан бол одоо ирсэн бүрийг авч байна хэмээн ярьдаг.
Түүнчлэн багш нарт ур чадварын дутагдал их байна. Бүх салбарын мэргэжилтнүүдийн академик мэдлэг, ур чадварыг боловсролын салбарт шингээмээр байгаа юм. Үнэхээр "та сайн физикч юм бол ирээд заагаад өгөөч ээ”, гэрээт багшаар ажиллаж болно. Гадаад дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгсөөд өөрт тань багшлах сонирхол байгаа бол ирээд заагаад өгөөч ээ. Судалгаа хийдэг, эх хэлнээсээ гадна гадаад хэлнээс эх сурвалжаа олоод хичээлдээ ашиглаж чаддаг хүмүүст зах зээлээ нээмээр байна.
Монгол Улс 1970-аад онд багшийн хомсдолд орж байсан тухай мэдээлэл бий. Энэ нь багшийн ачааллыг бууруулах ач холбогдолтой. Өнөөдөр физикийн багш дутагдаж байгаа учраас нэг багш олон ангид зэрэг зааж байна. Олон ангид зэрэг заахад хичээлийн бэлтгэл ч хэцүү болно биз дээ. Багшийн ачааллыг зохих хэмжээнд хүртэл бууруулснаар чанар гарч ирнэ. Энэ жилээс 44-өөс дээш хүүхэдтэй бүлэгт багшийн туслах ажиллуулж байна” гэв.
Мөн тэрбээр, цалин нэмнэ гэдэг бол макро эдийн засагтай холбоотой. Монгол Улсын 226 мянган төрийн албан хаагчийн 120 мянга нь боловсролын салбарт ажиллаж байна. Цалин өсгөх бодлогыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хэрэгжүүлнэ. Энэ яаманд багш нарын цалин хөлсийг нэмэх асуудлыг тасралтгүй явуулна гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Журамтай ЭНД дарж танилцана уу.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.