Монголын оюун ухааны академийн тамирчид ДАШТ-ээс 80 медаль хүртжээ
Туркийн Истанбул хотод Олон улсын оюуны спортын хрлбооноос зохион байгуулсан 33 дахь удаагийн Ой тогтоолтын ДАШТ 10 төрлөөр гурван өдрийн турш болж, аваргуудаа тодруулжээ.
21 орны 101 тамирчин оролцсон тус тэмцээнд манай тамирчид 90 медалийн 80-ыг нь хүртэж үнэмлэхүй амжилт үзүүлсэн байна. Тодруулбал, 32 тамирчин оролцохдоо 11 цом, 27 алт, 27 мөнгө, 26 хүрэл медаль хүртэж багаараа үнэмлэхүй ялалт байгууллаа.
Монголын тамирчдын онцлох амжилтаас дурдвал өсвөрийн дэлхийн аварга, их мастер Э.Үүрийнцолмон 30 минутад 6465 цифр цээжлэн, алдаагүй санаж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тэрбээр бүх төрлийн дараах нийлбэр оноогоор насанд хүрэгчдийг ялснаар дэлхийн аварга болж байгаа юм. 33 жилийн түүхтэй энэ том тэмцээний хамгийн залуу дэлхийн аварга болсон нь онцлох агшин аж. Түүний хувьд Монгол Улсаас нийлбэр дүнгээр дэлхийн аварга цол хүртсэн гурав дахь тамирчин болж буй юм. Э.Үүрийнцолмон 2022 онд бага насны дэлхийн аварга, 2023 онд өсвөрийн дэлхийн аварга, 2024 онд оюуны олимпын аварга болоод байсан билээ.
Түүнчлэн их мастер О.Наранзул 60 минутад 1968 ширхэг хөзөр цээжлэн, алдаагүй санаж өсвөрийн дээд амжилтын шинэчилсэн байна. Тэгвэл хурдан уншлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас анхны мөнгөн медалийг Б.Баасандорж хүртлээ.
Дашрамд сонирхуулахад, Э.Үүрийнцолмон, О.Наранзул, Ц.Оюун-Эрдэнэ нар их мастер цолны болзол хангасан бөгөөд энэ нь ой тогтоолтын спортын хамгийн том цол юм. 2019 оноос хойш таван жил манай улсаас их мастер цолтон төрөөгүй байв. Ийнхүү Монголчууд ой тогтоолтын 13 их мастертай боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.