БНСУ-ын Тэргүүн хатагтай Kim Keon hee-гийн нэр холбогдсон дуулианууд
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Kim Keon-hee гэж хэн бэ‼
БНСУ-ын Ерөнхийлөгч Yoon Suk-yeoL нь улс орондоо цэргийн дэглэм тогтоох гэж оролдоод чадсангүй. Түүний энэ бүтэлгүйтлийн шалтгаан эхнэр Kim Keon-hee байсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. 52 настай тэргүүн хатагтайг хувьцааны хууль бус үйлдэл, авлигын гэмт хэрэгт холбогдуулан шалгахыг тус улсын сөрөг хүчний намууд шаардаж байжээ. Энэ оны дөрөвдүгээр сард болсон парламентын сонгуульд сөрөг хүчний намууд ялалт байгуулснаар тэргүүн хатагтайг шалгах 3 хуулийн төсөл баталж бүгдэд нь Ерөнхийлөгч хориг тавьжээ.
Тэргүүн хатагтай Kim Keon hee-гийн нэр холбогдсон дуулианууд...
1. Хатагтай Ким 2021 онд (нөхрөө Ерөнхийлөгч болохоос нэг жилийн өмнө) багшийн ажилд орох хүсэлт гаргахдаа эрдмийн ажлын талаарх хуурамч бичиг баримт үйлдсэн.
2. "Korea JoongAng Daily" сонинд мэдээлснээр, Ким 2007 онд тус улсын Сувон их сургуульд ажилд орох хүсэлт гаргасан. Тэрээр өөрийн CV-д 2002 оноос хойш Солонгосын Тоглоомын Аж Үйлдвэрийн Холбоо (K Games)-ны захирлаар ажиллаж байсан гэж худал мэдээлжээ. Гэтэл "К-Games" 2004 онд байгуулагдсан бөгөөд Ким хэзээ ч түүнд ажиллаж байгаагүй байна.
3. Мөн тэрээр өөрийгөө 2006 онд Нью-Йоркийн их сургуульд сурсан гэж мэдүүлсэн. Гэвч түүний суралцсан гэж мэдүүлсэн хөтөлбөр нь зөвхөн их сургуулийн MBA-ийн оюутнуудад л боломжтой байсан бөгөөд Ким тэнд оюутан биш байжээ.
4. 2013 онд тэрээр 2004 оны Сөүлийн олон улсын хүүхэлдэйн киноны наадмын шагнал авсан хэмээн Өмнөд Солонгосын Аньян Их Сургууль руу анкет илгээжээ. Гэвч тус улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас ивээн тэтгэсэн шагнал гардуулах ёслолд түүнийг шагнал хүртсэн тухай ямар ч бүртгэл байгаагүй гэнэ.
5. Yoon Suk yeoL-ыг 2022 оны тавдугаар сард тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдохын өмнөхөн сөрөг хүчний Ардчилсан нам Ким болон түүний ээжийг хууль бусаар 2.3 тэрбум вон (1.68 сая доллар) олсон гэж буруутгасан. Харин тэргүүн хатагтайг шалгасан Сөүл хотын төв дүүргийн прокурорын газрын Авлигатай тэмцэх хэлтэс "өөрийнх нь хувьцааны дансыг ашиглаж байгааг хатагтай Ким огт мэдээгүй" гээд хэргийг энэ оны аравдугаар сард хэрэгсэхгүй болгожээ.
6. Тэргүүн хатагтайн нэр холбогдсон дуулиан үүгээр дууссангүй. Тэрээр 2022 оны арваннэгдүгээр сард компанийнхаа Сөүл дэх оффист 2200 долларын "Кристиан Диор"-ын гар цүнх бэлгэнд авч байгаа бичлэг ил болж, сөрөг хүчний удирдагчид түүнийг Өмнөд Солонгосын авлигатай тэмцэх хуулийг зөрчсөн гэж буруутгасан. Харамсалтай нь энэ оны аравдугаар сард Өмнөд Солонгосын прокурорууд Кимийн эсрэг авлигын эсрэг хуулийн дагуу хэрэг үүсгэхгүй гэдгээ мэдэгдсэн.
7. Өнгөрсөн долоо хоногт Сөүл хотод "Тэргүүн хатагтай" нэртэй баримтат кино нээлтээ хийсэн бөгөөд хатагтай Ким "Сөүлийн дуу хоолой" радиогийн эрэн сурвалжлах сэтгүүлч Ли Мён Сү нарын утасны яриа бүхий бичлэг ил болов. Сэтгүүлчтэй ярилцахдаа хатагтай Ким: "Би Yoon Suk yeoL-ыг Ерөнхийлөгч гэж бодохгүй байна. Тэр тэнэг бол зүгээр л утсан хүүхэлдэй” гэж хэлжээ.
Ерөнхийлөгч болохоосоо өмнө (2019-2021 онд) Өмнөд Солонгосын ерөнхий прокуророор ажиллаж байсан Yoon Suk yeoL нь эхнэрийнхээ үгнээс гардаггүй нэгэн гэх бөгөөд тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "эхнэрийнхээ төлөө дайн зарласан хамгийн агуу амраг" гэж бичиж байна.
Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2024/12/17/who-is-kim-keon-hee-described-as-south-koreas-lady-macbeth
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.