Манай улсад “COVID-19”-өөр 11-65 насныхан өвджээ

Манай улсад “COVID-19”-өөр 11-65 насныхан өвджээ

Манай улсад COVID-19”-өөр халдварласан 16 тохиолдол бүртгэгдээд байна. Насны хувьд 11-65 насныхан. Үүнээс 11-16 насны гурван хүүхэд, 30-34 насны таван хүн байгаа бол 60 хувь нь эмэгтэй, 40 хувь нь эрэгтэйчүүд байгааг  ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх мэдээллээ. Түүнээс шинэ коронавирусний эмнэлзүйн асуудлуудаар тодруулсан юм. 

-Манай улсад бүртгэгдсэн тохиолдуудад эмнэлзүйн ямар нийтлэг шинж тэмдгүүд ажиглагдаж байна вэ? 

-Эмнэлзүйн явцын хувьд шинж тэмдэг балархай, илрэл багатай явагдсан гурван тохиолдол байгаа. Хоёр тохиолдол нь эмнэлзүйн явц хүндэвтэр, өндөр халуурч, хатгалгаатай байсан. Харин 10 тохиолдолд дунд явцтай байгаа. Нийт өвчтөнд хамгийн их түгээмэл илэрсэн шинж тэмдэг нь толгой өвдөх, хамар битүүрэх 53.3 хувь, хуурай ханиах 46.6 хувь, суулгах 46.6 хувь, халуурах 34.6 хувь, булчингаар өвдөх 33.3 хувь,  цэртэй ханиах  20 хувьд, цустай цэртэй ханиах, бөөлжих шинж тэмдэг 2 хүнд илэрсэн.

-БНХАУ-д 6-7 дахь хоногтоо өвчтөн уушгины хатгалгаа болж байна гэсэн. Харин манайд илэрсэн тохиолдлуудад энэ шинж тэмдэг ямар байдалтай байна вэ?


-Өвдсөн тохиолдлуудын эмнэлзүйн онцлог нь гэнэт их халуурах биш толгой өвдөх, халуурах зэргээр аажим явцтай эхэлсэн. Ингээд 3-4 хоногтоо хатгалгаа нь хүндэрсэн. Зургаан хүнд цээжний чагналт болон рентген зургаар уушгины хатгалгаа илэрсэн. Эхний хүмүүс рентген зураг, томографийн шинжилгээгээр уушгины нэвчдэс нэлээн багасаж байна.


-Таван төрлийн шинжилгээ хийж байгаа гэсэн. Энэ талаар арай тодорхой мэдээлэл өгнө үү?


-Энэ өвчнийг батлах хамгийн гол шинжилгээ бол вируслогийн шинжилгээ. Хамгийн өндөр гарсан нь 14 хүнд буюу 93.3 хувь буюу хамар, хоолой залгиурын арчдасын шинжилгээнд үүсгэгч илэрсэн. Мөн 14 хүний цэр, 13 хүний өтгөнөөс авсан шинжилгээнд үүсгэгч илэрсэн. Зөвхөн нэг тохиолдолд шинж тэмдэг балархай явагдсан, зөвхөн өтгөнд илэрсэн. Хамар, хоолой залгиурын арчдас цэрэнд гараагүй.


-Амны хаалт зүүх нь тус цар тахлаас урьчилан сэргийлэх маш чухал хамгаалалтын нэг, тийм үү?


-Тийм ээ, ханиах, найтаах, ярих үед халдвар дамжих эрсдэл хамгийн өндөр. Мөн гараа халдваргүйжүүлэх нь чухал.


-Одоогоор дөрвөн өвчтөнийг эмчлээд гаргалаа. Эмнэлгээс гаргахдаа ямар шалгуур үзүүлэлт баримталж байна вэ?


-Дэлхийн бусад оронд баримталж  буй гол шалгуур нэгдүгээрт, халуун буураад 3 болон түүнээс дээш хоносон, хоёрдугаарт, ханиах халуурах гэх мэт өвчний бүх шинж тэмдэг арилсан, хоёр удаагийн давтан шинжилгээнд вирус илрээгүй, уушгины рентген зургийг үндэслэн эмнэлгээс гаргана. Эмнэлгээс гараад сувилалд байрлуулж тусгаарлан ажиглана. Удирдамжид тусгасны дагуу 2-4 дэх долоо хоногт дахин үзэж, шинжилгээ авна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.