Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гэр бүлийн хамт АНУ-д хөл хорионд оржээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гэр бүлийн хамт АНУ-д хөл хорионд оржээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

Түүнийг 2018 оны дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх газраас баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид нэг сар саатуулсан юм. Улмаар Ч.Сайханбилэгийг цагдан хорих хугацаа дуусмагц Прокурорын байгууллагаас хугацааг сунгах саналыг шүүхэд хүргүүлсэн ч нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавьж, батлан даалтад гаргаад байсан. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнгөрсөн наймдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хилийн хоригийг цуцлуулах хүсэлт гаргасны дагуу түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хилийн хориг тавьсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг шүүх гаргаад байсан юм. Энэ шийдвэрийн дараа Ч.Сайханбилэг эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Монгол Улсыг орхин гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн.

Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг шүүхээс зөвшөөрсөн хугацаагаа гурван удаа хэтрүүлсэн тул түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэж үзэн эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Тэрбээр 2019 оны наймдугаар сарын 28-ны өдөр албаны дипломат паспортоор АНУ руу зорчсон байдаг ба 2020 оны нэгдүгээр сард Монгол Улсад ирэх тухайгаа албан ёсоор мэдэгдээд байсан юм. Гэвч Ч.Сайханбилэг дээрх хугацаанд багтаж ирээгүй ба нэгдүгээр сарын 23-ны өдөр “Амстердам Партнерс”  олон улсын хуулийн фирмийн Лондон дахь төлөөлөгчийн газраас түүнийг өмгөөлөхөөр болсноо зарласан байдаг.

Эх сурвалжийн мэдээлснээр, Ч.Сайханбилэгийн том охин Лондон дахь өмгөөллийн асуудлыг хариуцан ажиллаж байгаа бол тэрбээр гэр бүлийн хамт АНУ-д хөл хорионд ороод байгаа ажээ. Одоогоор Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийн мөрдөн шалгалтын ажиллагаа дууссан бөгөөд хавтаст хэргийг прокурор хянаж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ:https://zindaa.mn/36ie

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.