КОВИД-19: Италийн баячууд эх орондоо туслахыг үүргээ гэж үзэж байна

КОВИД-19: Италийн баячууд эх орондоо туслахыг үүргээ гэж үзэж байна

Шинэ төрлийн коронавирусний халдварын тоогоор Итали орон Хятадыг даван гараад байгаа. Энд 139 мянган хүн халдвар авч, 17669 хүн амиа алдаад байна.

Энэ хүнд үед Италийн баячууд эмнэлэг, судалгааны хүрээлэнгүүдэд их хэмжээний мөнгө хандивлаж байна.

Giogrio Armani

Загвар зохион бүтээгч Жоржио Армани брэндийнхээ дэлгүүр, үйлдвэрийг зогсоогоод байгаа. Тэрбээр Милан хотын гурван эмнэлэг, Ром хотын үндэсний хүрээлэн, Италийн иргэний хамгаалалтын газарт 1,4 сая ам.доллар хандивласан. Мөн Италийн 60 том сонинд бүтэн нүүр худалдан авч, эмнэлгийн ажилтнуудад талархлын үг дэвшүүлсэн байна.

Dolce & Gabbana

Доменико Дольче, Стефано Габбана хоёр коронавирусний эсрэг эм гаргахаар ажиллаж байгаа Humanitas University хүрээлэнд их хэмжээний мөнгө өргөсөн ч тоог нь нууцлахыг хүссэн юм. Тэд үүнийгээ өөрсдийн иргэний үүрэг гэж нэрлэсэн.

Bvlgari

Bvlgari брэнд Ромын Lazzaro Spallanzani эмнэлэгт шинэ багаж хэрэгсэл авч өгсөн.

Prada

Миуччи Прадагийн брэнд Милан хотын Vittore Buzzi, Sacco, San Raffaele гурван эмнэлгийн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасагт хандив өргөжээ.

Versace

Донателла Версаче Миланы Сан-Раффаэле эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 200 мянган ам.доллар хандивлажээ.

Gucci

Gucci-гийн гүйцэтгэх захирал Марко Биззарри хамгийн олон өвчтөнтэй Эмилия-Романья бүс нутгийн эмнэлэгт 100 мянган ам.доллар хандивласан.

Sergio Rossi

Энэ бренд Миланы хоёр эмнэлэгт 100 мянган ам.доллар өргөсөн.

Кьяра Ферраньи


Загвар зохион бүтээгч, блогчин Кьяра Ферраньи эмнэлгийн салбарт нийт 4 сая ам.долларын хандив цуглуулж, өгсөн байна.

Edizione (Benetton)

Edizione компани Милан, Ром, Тревизогийн эмнэлгүүдэд 3.2 сая ам.долларын хандив өгсөн.

Moncler

Спорт хувцасны Moncler брэндийн тэргүүн  Ремо Руффини Ломбардид шинэ эмнэлэг барихад зориулан, 10.9 сая ам.доллар өгчээ.

Мөн Италийн Ерөнхий сайд асан  Сильвио Берлускони Ломбардид эмнэлэг барихад 10.7 сая ам.доллар өгсөн байна.

Хөрөнгө оруулагч Франческо Гаэтано Кальтажироне Спалланцани хүрээлэн болон  Агостино Жемеллигийн нэрэмжит их сургуулийн эмнэлэгт 1.1 сая ам.доллар хандивласан.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.