11 жилийн өмнө Гахайн ханиад спортын ертөнцийг доргиож байлаа
Өдөр тутмын хэвийн амьдрал өөрчлөгдөж байгааг хараад айж, сандрах нь зүйн хэрэг. Энэ аймшиг хэзээ ч дуусахгүй мэт санагдах үе ч бий. Ийм үед сайн, муу ямар ч зүйл хэзээ нэгэн цагт дуусдаг гэдгийг санаарай. Одоогоос 11 жилийн өмнө буюу 2009 онд хүн төрөлхтөн гахайн ханиад хэмээх халдвар өвчинтэй нүүр тулж, даваад гарч байсан түүхтэй. Гахайн ханиад дэлхийн 200 оронд тархаж, дэлхий дахинд аймшиг төрүүлэн, их спортыг зогсоох дөхсөн билээ.
Гахайн ханиад тун аюултай өвчин ч улс орнууд хилээ хааж, хорио тавиагүй, спортын тоглолтууд ч цуцлагдаагүй өнгөрсөн юм.
2009 оны гуравдугаар сарын 18-нд Мексикт шинэ төрлийн вирусний халдвараар анхны өвчтөн нас барахад гахайн ханиад (H1N1) гэж нэрлэсэн. Нэр нь гахайн ханиад боловч Дэлхийн амьтан хамгаалах нийгэмлэгээс энэ өвчин гахайнаас хүнд халдсан гэдгийг батлаагүй билээ. H1N1 нь генийн бүтцийн хувьд л өнгөрсөн зууны 20-иод онд гарсан гахайн ханиадтай төстэй байсан хэрэг. Гахайн ханиад нь жирийн ханиаднаас ялгаатай нь улирлын шинжгүй, зуны улиралд ч халддаг, үхэлд хүргэдэг, ялангуяа 55-аас доош насны залуучуудад үхлийн аюултай өвчин байв.
Анхны халдвар илэрснээс дөчхөн хоногийн дараа Испани, Их Британид халдвар гарч, тэр дороо Европыг эзлээд, Ази, Австралид тархлаа. Энэ үед ДЭМБ-иас гахайн ханиадыг цар тахал гэж нэрлэн, түгшүүр зарлаж байлаа.
2009 оны тавдугаар сарын сүүл гэхэд дэлхийн 43 оронд халдвар гарч, 12 мянган хүн өвдөж, 86 хүн амиа алдсан байв. Өдөрт халдварын тоо мянга мянгаар нэмэгдсээр аравдугаар сард 210 оронд тархаж, 3.5 мянган хүн нас барсан.
Гахайн ханиадны Европ дахь халдварын голомт нь Их Британи, Герман байлаа. Ерөнхий сайд асны гэргий Шерри Блэр халдвар авч, зургаан настай охин хоолой нь өвдөн эмнэлэгт хандаад хоёрхон хоногийн дараа нас барсан нь Английг түгшүүрт оруулсан юм. Гэхдээ тэр үед халдварын эсрэг тэмцэл одоогийнхоос огт өөр байжээ. Агаарын нислэг, төмөр замын тээврийг ямар ч улс зогсоогоогүй, карантин тогтоосон орон байсангүй, олон нийтийн арга хэмжээнүүд цуцлагдсангүй.
Германд баяр наадмын үеэр үнсэлцэхгүй байхыг зөвлөсөн бол ОХУ-д гахайн махны импортоо хязгаарласан. Мексиктэй хил залгаа АНУ нисэх буудал дээр үзлэг хийж, хэд хэдэн сургуулийг хаах л арга хэмжээ авч байсан юм. Харин эмийн GlaxoSmithKlin компани зургаадугаар сард нь вакцин гаргаснаар дэлхий аврагдаж байсан түүхтэй.
Гахайн ханиад Европын хөлбөмбөгт Америк тивээс орж ирсэн юм. Эхлээд Францын “Монако” багийн дөрвөн тоглогч өвдлөө. Аргентины Алехандро Алонсо нутагтаа амраад ирэхдээ багийнхаа Покривач, Монгонгу, Мангане нарт халдаасан байв. “Монако”-гийн бүх ажилтан, тамирчнаас шинжилгээ авч, өвчтэй тамирчдыг багийн зочид буудлын нэг жигүүрт тусгаарлан, гарахыг нь хориглолоо.
Германы Бундеслигт Латин Америкийн тоглогч цөөхөн байсан ч тун хариуцлагагүй үйлдлээс болж, Германы тамирчид дунд халдвар тарсан юм. 2009 оны наймдугаар сард АНУ-ын “Гэлакси” багийн дарга, массажчин хоёр гахайн ханиад тусаад байжээ. Гэвч багаас ямар ч шалгалт хийгээгүй тул тэд ажилдаа явсаар, бусдадаа халдаасаар байжээ. Тэднээс АНУ-ын шигшээ багийн од Лэндон Донован халдвар авсан байна. Лэндон Мексикийн шигшээ багтай тоглохоор ирэхдээ л ханиалган, хөлөрч байсан гэдэг. Харин багийн эмч нар огт анхаарсангүй, Лэндон бүтэн 90 минут талбайд тоглосон байна. Тоглолт дуусаад ядарч цуцсан Донован багийн андууддаа бараг бүгдэд нь халдаасныхаа дараа л өөрт нь гахайн ханиадны шинж тэмдэг илэрч байгааг мэдсэн байна. “Тоглоход тун хэцүү, их ядарч байсан. Тоглолтын дараа буудалд ирж унтаад сэрэхэд 38 хүртэл халуурсан” гэж Лэндон дараа нь дурссан байдаг.
Харин АНУ-ын шигшээ багийн эмч нар Донован ямар өвчин туссаныг хэвлэл мэдээлэл төдийгүй багийнхаа тоглогчдоос ч нуусан нь маш том асуудал байлаа. Шигшээ багийн тоглогч нар харьяалагддаг багууддаа очоод л Донован гахайн ханиад туссан байсныг мэдсэн байна.
Германы “Ханновер” баг тэр дор нь АНУ-ын шигшээ багийн хамгаалагч Стивен Черундолыг түүнтэй ойр байсан Бразилын Винициустай цуг бэлтгэлээс хасаж, шинжилгээнд оруулсан бол “Гладбах” баг ч АНУ-ын Майкл Брэдлиг эмнэлэгт илгээсэн байна.
Энэ асуудал хоёр орны хооронд дайсагнал үүсгэх дөхсөн юм. “Ханновер” багийн дасгалжуулагч Дитер Хеккинг “АНУ-ын шигшээ багийнхан бидэнд ямар ч мэдээлэл илгээгээгүйг би ойлгохгүй байна. Германд халдвар тарвал яах юм” гэж уурлаж байлаа. Азаар хурдан шуурхай арга хэмжээ авсны дүнд өвчний тархалтыг зогсоож чадсан.
Хойд Америк гахайн ханиадны голомт болоод байсан ч багууд тэнд тоглолт хийсээр байв. Испанийн “Реал” наймдугаар сард нь АНУ-д очлоо. “ДиСи Юнайтед” багтай тоглосны дараа Роналдуд ханиадны шинж тэмдэг илэрч, шүтэн бишрэгчид нь сандралдсан удаатай. Роналдуг хорионд оруулж, шинжлэхэд жирийн ханиад хүрсэн нь нотлогдож, “Реал” багийнхан тайвширч байлаа.
Удалгүй Европт халдвар авсан хөлбөмбөгчдийн тоо нэмэгдэж эхлэв. Английн “Манчестер Сити” багийн Майк Ричардс, Испанийн “Атлетик” багийн дасгалжуулагч Кике Флорес, Францын “Монпелье” багийн Эмир Спахич, Испанийн “Осасуна” багийн унгар тоглогч Кристиан Вадоц нар өвдөж, “Блэкберн”, “Болтон”, “Бетис” багуудад халдвар тархсан байна.
Гахайн ханиаднаас яаж сэргийлж байв? Английн Премьер лиг тоглогчдыг шүлсээ талбай дээр хаяхыг хориглож, дасгалжуулагч Анчелотти зөгийн балтай сүү, улаан дарс уухыг зөвлөж байв. Хамгийн гол зэвсэг бол хөл хорио. Хэрэв 2020 онд бүхэл бүтэн багийг хорионд оруулж байгаа бол 11 жилийн өмнө халдвар авсан хүнийг, ойр хавьталтай хүнтэй нь цуг л карантинд суулгаж байлаа.
Английн эрүүл мэндийг хамгаалах агентлагаас “Хөлбөмбөгчид энгийн амьдралдаа шүлсээ хаяад байдаггүй. Тийм тул талбай дээр ч шүлсээ хаяхгүй байхыг хүсье. Шүлсээ хаях нь халдварын аюулыг нэмэгдүүлж байна” гэсэн мэдэгдэл гаргаж байлаа. Тус агентлагаас шүүгч нарыг шүлсээ хаясан тоглогчийг торго гэж шаардаж байсан юм.
Өдөр болгон гахайн ханиадны талаар ярьж, хэвлэлийн бага хурал болгонд халдварын тухай асуудаг болсон байв. Тэр үед “Челси”-г удирдаж байсан Карло Анчелотти сэтгүүлчдийн асуултад “Би гахайн ханиаднаас огт айхгүй байна. Ханиад хөлбөмбөгийн талбайд л байгаа юм биш, газар сайгүй байна. Бид урьдчилан сэргийлнэ, гэхдээ тоглолтоо л бодно. Хэрэв тусчихвал би юу хийхээ сайн мэдэж байна. Гэхдээ эмчийн жор биш, эмээгийнхээ зөвлөгөөг дагана. Зөгийн балтай халуун сүү, улаан дарс уухад л болно” гэж хөнгөмсөг хариулж байлаа. Цаг үе нь ч өөр байсан байх. Түүний зөвлөгөөг тамирчид нь дагасан эсэхийг мэдэхгүй ч “Челси”-д нэг ч халдвар гараагүй юм.
Тоглолтыг цуцалж, хойшлуулах тохиолдол тун цөөхөн байсан. Том тэмцээнийг хойшлуулах талаар яриа ч гараагүй. Гахайн ханиад 2009 оны 4-12 сард гарсан тул зуны гурван сард нь тоглолт байгаагүй болохоор хэн ч тоглолт цуцлах талаар бодож байсангүй. Халдвар авсан тоглогчид ч маш хурдан эдгээд эгнээндээ буцан орж байв. Спахич гэхэд ганц тоглолт өнжөөд л дахиад талбайд гарч байлаа. Олон тоглогч нь халдвар авсан баг л тоглолтоо хойшлуулах хүсэлт гаргаж байлаа.
Харин гахайн ханиадны халдварын хоёр дахь үе есдүгээр сард эхлэхэд тоглолт цуцлах шийдвэр хааяа гарч эхэлсэн юм. Испанид арван тоглогч нь халдвар авсан “Бетис”, Италид найман тоглогч нь өвдсөн “Лукрезе”-д тийм зөвшөөрөл өгсөн юм. Харин Английн лиг тоглолт цуцлах талаар сонсохыг ч хүсэхгүй байв. “Блэкберн” багийн Кристофер Самба, Дэвид Данн болон хэд хэдэн ажилтан нь гахайн ханиадны халдвар тусахад Английн хөл бөмбөгийн холбоо тоглолтыг хойшлуулах хүсэлтийг нь зөвшөөрөөгүй. Үндсэн багийн хоёр тоглогчоо алдсан “Блэкберн” баг “Челси”-д 5:0 бут ниргүүлэхэд дасгалжуулагч Сэм Эллардайс “Тоглолт цуцлахад Их Британийн Засгийн газрын тусгай зөвшөөрөл хэрэгтэй гэж бидэнд хэлсэн. Бид юу ч хийж чадаагүй” гэж уурлаж байсныг спорт сонирхогчид санаж байгаа байх.
Францын ПСЖ багийн Людовик Жюли, Мамаду Сако, Жереми Клеман, хэд хэдэн дасгалжуулагч халдвар авсан тул “Марсель”-тэй хийх тоглолтыг нь цуцлахад хөгжөөн дэмжигчид галзууртлаа уурлаж, гудамж талбайг эвдлэн сүйтгэж байлаа. Тэдэнд өөрсдийнх нь эрүүл мэнд огт хамаагүй байв. Нэгэн хөгжөөн дэмжигч “Le Parisien”-д ярилцлага өгөхдөө “Биднийг хуурч байна. Гахайн ханиад гараад, удахгүй дарагдаад байгаа. Харин бид 60 еврогоор тасалбар худалдан авсан” гэж ярьж байлаа.
Тамирчдын ухамсар ч бас одоогийнх шиг биш байжээ. Мексикийн “Чивас”, “Универсидад де Чили” багуудын тоглолтын үеэр Мексикийн багийн хамгаалагч Гектор Рейонсо гахайн ханиадны халдвартай мэт ханиалган, нэг өрсөлдөгч рүүгээ бүр нулимж байлаа. “Манчестер Сити” багийн хамгаалагч Майк Ричардс Кипрт амарч байхдаа халдвар аваад архинд хордлоо гэж андууран, шараа тайлж байсан гэдэг.
Аравдугаар сард ОХУ-ын шигшээ баг Уэльстэй талбай дээр нь тоглох болоход Оросын хөгжөөн дэмжигчдийн холбооны тэргүүн Александр Шпрыгин “Уэльс виски уухад л халдвар авахгүй. Оросуудыг ямар ч өвчин зогсоож чадахгүй. Дэлхий ертөнцийг дандаа л вирусээр айлгадаг. Үхэр, шувууны өвчин байсан бол одоо гахайгаар биднийг айлгаж гэж байна” гэж мэдэгдэж байлаа.
Харин удалгүй халдвараас эмээж эхэллээ. Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн үүдэн дээр хүмүүст үнэгүй маск тарааж эхлэв. Цагдаа нар ч амны хаалт зүүдэг боллоо.
Гэвч тоглолт цуцлахгүй хэвээр байлаа. 2009 оны 12 дугаар сард гахайн ханиад хөлбөмбөгөөс холдон одсон юм. Хамгийн сүүлд Крэйг Беллами, Эрик Абидаль хоёр өвдсөн ч тун хурдан эдгэрсэн. Хөлбөмбөгийн ертөнцөөс хэн ч амиа алдаагүй бол дэлхий даяар 450 мянган хүн энэ өвчнөөр нас барсан тоо бий.
Энэ хоёр халдварыг харьцуулаад үзэхэд өвчин гарсан эхний гурван сард коронавирусээр 112 орны 160 мянган хүн халдварласан бол гахайн ханиадаар гурван сард 74 орны 30 мянган хүн өвджээ. Тэгэхээр коронавирус нь илүү аюултай гэдэг нь харагдаж байна.
2010 оны наймдугаар сард ДЭМБ-ын ерөнхий захирал Маргарет Чен гахайн ханиадны аюул өнгөрлөө гэснээр гахайн ханиад албан ёсоор төгсгөл болсон юм.
Гэхдээ тэр үед H1N1-ээс хамаагүй аюултай коронавирус хүн төрөлхтөнд дахин хүнд хэцүү сорилт тавина гэдгийг хэн ч мэдээгүй байлаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.