Монголын эдийн засгийн төлөвт нөлөөлөх эрсдэл нэмэгдэж буйг анхааруулав
Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн Монгол Улсын эдийн засгийн төлөв байдалд учрах эрсдэл нэмэгдэж байгаа хэдий ч Оюутолгойн гүний уурхайн олборлолт үргэлжлэн нэмэгдэж, нүүрсний эрэлт тогтвортой хадгалагдсанаар уул уурхайн салбар 2026 болон 2027 онд тус улсын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч хэвээр байна гэж Азийн Хөгжлийн Банкны (АХБ) "Азийн хөгжлийн төлөв" тайланд дурджээ.
Уг тайланд дурдсанаар, Монгол Улсын эдийн засаг 2025 оныг сул эхлүүлсэн ч хөдөө аж ахуйн салбар хоёр хүнд өвлийн дараа сэргэж, уул уурхайн салбар үргэлжлэн өссөний ачаар 6.8 хувиар өссөн бол 2026 онд 5.7 хувиар, 2027 онд уул уурхайн салбар тэлж, уул уурхайн бус салбар идэвхжсэнээр Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 6.0 хувь болох төлөвтэй байна.
“Монгол Улсын эдийн засгийн ойрын хугацааны төлөв байдал уул уурхайн салбараас хамааралтай хэвээр байгаагийн зэрэгцээ эдийн засгийн төлөвт нөлөөлөх эрсдэлүүд илт нэмэгдэж байна” гэж АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Орон хариуцсан ахлах эдийн засагч Мартино Пелли хэлээд, дэлхий дахинд эрсдэл нэмэгдэж буй энэ үед эдийн засгийн төлөв байдал маш тодорхойгүй байгааг дурджээ.
Ойрх Дорнодын нөхцөл байдал богино хугацаанд тогтворжино гэсэн таамаглалд үндэслэн боловсруулсан төсөөллөөр инфляц 2026 онд 7.8 хувь, 2027 онд 6.8 хувьд хүрэх төлөвтэй байх ба дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнэд нийлүүлэлтийн дарамт үргэлжилсээр байна. Мөн шатахуун зэрэг импортын барааны үнийн өсөлт, төгрөгийн ханш сулрах дам нөлөөгөөр инфляцад нэмэлт дарамт үүснэ.
Ойрх Дорнод дахь мөргөлдөөн одоогийнхоос илүү удаан үргэлжлэх нь урьдчилсан төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй хамгийн том эрсдэл юм. Дэлхийн зах зээл дээр эрчим хүчний болон бордооны үнэ өсөх, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж, өрхийн хэрэглээг сулруулан, Монгол Улсын экспорт болон төсөвт сөргөөр нөлөөлж болзошгүй. Ийм нөхцөлд эдийн засгийн өсөлт одоогийн төсөөлснөөс доогуур, харин инфляц илүү удаан хугацаанд өндөр түвшинд хадгалагдах эрсдэлтэй юм.
Эдгээр төсөөллийг Ойрх Дорнод дахь мөргөлдөөн богино хугацаанд тогтворжино гэсэн таамаглалд үндэслэн 3 дугаар сарын 10-нд тодорхой бус нөхцөл байдал үүссэн үед боловсруулсан юм. Үүнээс хойших үйл явцыг харахад тээвэр, худалдааны тасалдал үргэлжлэх магадлалтай байна.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутгийн хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай өсөлтийг дэмжин ажилладаг олон талт хөгжлийн тэргүүлэх банк юм. Нарийн түвэгтэй сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө гишүүн орнууд болон түншүүдтэйгээ хамтран ажиллахдаа АХБ нь ард иргэдийн амьдралыг сайжруулж, чанартай дэд бүтцийг бий болгож, эх дэлхийгээ хамгаалах санхүүгийн шинэлэг арга хэрэгсэл, стратегийн түншлэлд түшиглэдэг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 69 гишүүн орны 50 нь тухайн бүс нутагт оршдог.
Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/395881

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.