Ким Жөн Ун ӨАБНУ-ын Ерөнхийлөгчид баяр хүргэжээ
ПЁНЬЯН. /KCNA/. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын /ӨАБНУ/ Ерөнхийлөгч Сирил Рамапосад үндэсний баяр болж буйг тохиолдуулан баяр хүргэсэн цахилгаан илгээсэн тухай Солонгосын төв цахилгааны мэдээний агентлаг мэдээлжээ.
“ӨАБНУ-ын үндэсний баяр наадмыг тохиолдуулан манай хоёр улсын уламжлалт найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа зогсолтгүй өргөжин хөгжсөөр байх болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлье” хэмээн Ким Жөн Уны мэдэгдсэнийг “KCNA” агентлаг уламжилсан байна.
Түүнчлэн баяр хүргэсэн цахилгаандаа БНАСАУ-ын удирдагч ӨАБНУ-ын ард түмэнд үндэсний нэгдэл нягтралыг бэхжүүлэх, нийгэм эдийн засгийн хөгжилд хүрэх үйлст нь өндөр амжилт хүсжээ.
БНАСАУ-ын удирдагч дөрөвдүгээр сарын 11-нд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны улс төрийн товчооны хурлыг даргалан явуулснаас хойш олны өмнө гараагүй юм. Тодруулбал, Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын 12-нд болсон Ардын их хурлын жил тутмын ээлжит чуулганд, мөн өвөө Ким Ир Сенийхээ мэндэлсний 108 жилийн ойг тохиолдуулан дөрөвдүгээр сарын 15-нд жил бүр болдог ёслолын ажиллагаанд төрийн эрхэнд гарснаасаа хойш анх удаа оролцоогүй. Үндэсний гол баярын үеэр улс орны удирдагчдын эгнээнд Ким Жөн Ун байхгүй байсан нь түүнийг өвдсөн байж магадгүй гэх цуурхал гарах шалтгаан болсон бөгөөд одоогоор БНАСАУ-ын албаны хүмүүс болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ямар ч тайлбар хийгээгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.