БНСУ-ын нисэх хүчний болон тэнгисийн цэргийн хамтарсан сургуулийг зэмлэн буруушаажээ.
БНАСАУ тус улсын хил орчимд явуулсан БНСУ-ын нисэх хүчний болон тэнгисийн цэргийн хамтарсан сургуулийг зэмлэн буруушаажээ. Энэ тухай БНАСАУ-ын Ардын Зэвсэгт хүчний яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.
“БНАСАУ-ын Ардын Зэвсэгт хүчний яамны төлөөлөгч БНСУ-ын цэргийнхний өдөөн хатгасан бодлогогүй үйлдлийг зэмлэн буруушаажээ” гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг онцлон тэмдэглэжээ.
БНСУ 20 сөнөөгч онгоц, Тэнгисийн цэргийн хүчний 1 хурдан хөлөг онгоцыг оролцуулсан сургуулийг БНАСАУ-ын хил орчимд 5 дугаар сарын 6-нд явуулжээ.
“KCNA” агентлагийн мэдээлснээр, БНСУ цэргийн сургуулийг БНАСАУ-ын баруун эргийн ойролцоох тэнгисийн орон зай дахь “хамгийн халуун цэгт” хийжээ. Өмнө нь энэ хэсэгт хоёр улсын хооронд цэргийн мөргөлдөөн болж байжээ.
“БНСУ-ын цэргийнхэн биднийг дайснаа хэмээн үзэж, цэргийн сургууль явуулсан нь илүү ноцтой явдал юм. БНСУ-ын цэргүүд иймэрхүү үйлдэл гаргаж байгаа нь 2018 онд хоёр Солонгос дээд хэмжээний уулзалт явуулахын өмнө үүсээд байсан нөхцөл байдлыг эхлэлийн цэг рүү нь ухрааж байна” гэж “KCNA” агентлаг цохон тэмдэглэжээ.
2018 оны 4-өөс 9 дүгээр сарын хугацаанд хоёр Солонгосын удирдагчид гурван удаа дээд хэмжээний уулзалт хийж, хоёр улсын харилцааг хэвийн болгох асуудлуудыг хэлэлцсэн юм. Тухайлбал, 2018 оны 4 дүгээр сарын 27-нд БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар хоёр улсын дайсагнасан харилцаанд цэг тавихаар тохиролцсон хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.