Хятад улс ДЭМБ-ийн шинжээчдийн багийг хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийлжээ

Хятад улс ДЭМБ-ийн шинжээчдийн багийг хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийлжээ

Энэ долоо хоногт ДЭМБ-аас Хятад руу тусгай шинжээчдийн багийг илгээж, “ковид-19”-ийн үүсэл гарлыг нарийн судлах, шалгах асуудлыг хэлэлцэж байгаагаа мэдээлсэн юм. Тэгвэл Хятад улс  ДЭМБ-ийн төлөөлөгчдийг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.  

Дэлхий дахины хэмжээнд 4 сая орчим хүнд халдварлаж, олон улсын санхүү, эдийн засгийг сүйрлийн ирмэгт авчирсан “ковид-19”-ийн үүсэл гарал нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр байгаа юм. Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү аюулт вирус Хятадын Ухань хотын лабораториос тархсан байж болзошгүй гэж ярьсан нь Бээжингийн хүчтэй шүүмжлэлийг дагуулсан юм. “Ковид-19”-ийн Хятад дахь үүсэл, тархалтын талаарх мэдээлэлд зарим орон ихээхэн хардлага тээж байгаатай зэрэгцэн ДЭМБ тусгай шинжээчдийн багаа Хятад улс уруу дахин илгээх асуудал яригдаж байна. Хятадын тал ч  энэхүү шинжээчдийн багийг хүлээн авахад бэлэн байгаа гэдгийг тус улсын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн  төлөөлөгч Хуа Чуньин хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. 

Тэрээр Хятад улс коронавирусний үүслийн талаарх Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын нэмэлт судалгаа, шалгалтад туслахад бэлэн гэсэн  байна. Мөн Бээжингийн зүгээс энэ вирус бол Хятад, АНУ гээд бүхий л оронд аюул заналхийлэл учруулж байгаа, хүн төрөлхтний нийтлэг дайсан хэлж, ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааг ташаа мэдээлэл тараахаа зогсоохыг уриалжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.