БНАСАУ дахь Их Британийн Элчин сайдын яамны /ЭСЯ/ үйл ажиллагааг лхагва гаргаас эхлэн түр зогсоолоо.
БНАСАУ-д коронавирусний улмаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор тус улс дахь Их Британийн Элчин сайдын яамны /ЭСЯ/ үйл ажиллагааг лхагва гаргаас эхлэн түр зогсоож, дипломат ажилтнууд гэр бүлийн хамтаар Пёньяныг орхин явжээ.
ТАСС агентлагийн Умард Солонгос дахь сурвалжлагчийн мэдээлснээр, тавдугаар сарын 27-ны өглөө ЭСЯ-ны байрны өмнөх Их Британийн төрийн далбааг буулгасан бөгөөд энэ нь дипломат газрын үйл ажиллагаа зогссоныг гэрчилж байгаа аж. Түүнчлэн Их Британийн дипломат дугаартай автомашинууд ЭСЯ-ны нутаг дэвсгэрээс гарсан байна.
Их Британийн дипломат төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг хэдийд сэргээх нь хараахан тодорхой болоогүй байна гэж ЭСЯ-ны ажилтнуудын нэг ТАСС агентлагийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа хэлжээ. Түүний хэлснээр, дипломат ажилтнуудыг гэр бүлийнх нь хамт өнөөдөр автомашинаар Хятадын Даньдун хотод хүргэх бөгөөд тэндээ хоёр долоо хоног эмч нарын хяналтад байсны дараа Лондон руу нисэх аж.
Үүнээс өмнө Герман, Франц, Швейцарын дипломат төлөөлөгчийн газрууд цар тахлаас сэргийлэхтэй холбоотой хөл хорио тогтоосны улмаас Пёньян дахь үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Эдгээр улсын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудыг гуравдугаар сарын 9-нд “Air Koryo” компанийн тусгай нислэгээр Пёньянаас Владивосток руу хүргэсэн байна. Энэ нислэгээр гадаадын 80 иргэн Умард Солонгосыг орхин явжээ.
БНАСАУ-ын эрх баригчид коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын эхээр олон улсын нислэг болон БНХАУ, ОХУ руу зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон юм. Түүнчлэн гадаадын иргэдийг БНАСАУ руу нэвтрэх болон тус улсаас гарахыг бүрэн хориглосноос гадна, тус улсын Гадаад хэргийн яам гуравдугаар сарын 1-нээс хойш хөл хориог тодорхойгүй хугацаагаар сунгаж байгаа тухайгаа гадаадын Элчин сайдын яамдад мэдэгдсэн байна.
Үүний дараа улс орнуудын ЭСЯ, олон улсын байгууллагууд үйл ажиллагаагаа бүхэлд нь болон хэсэгчлэн зогсоож, ажилтнуудынхаа тоог цөөлөхөөс аргагүйд хүрсэн бөгөөд энэ нь хөл хорионы нөхцөлд Умард Солонгост хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаадаас санхүүжилт авах боломжгүй болсонтой холбоотой юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.