Мао Зедуны орчуулагч Жи Чаожу дөрөвдүгээр сарын 29-нд Бээжин хотод өвчний улмаас таалал төгслөө.

Мао Зедуны орчуулагч Жи Чаожу дөрөвдүгээр сарын 29-нд Бээжин хотод өвчний улмаас таалал төгслөө.

 Хятадын дарга Мао Зедун, Дэн Сяопин нарын орчуулагч хийгээд Хятадаас Их Британид суугаа Элчин сайдаар ажиллаж байсан дипломатч Жи Чаожу 90 насандаа таалал төгслөө гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдээллээ. 

Харвардын их сургуульд сурч байсан Жи Чаожу Солонгосын дайны үеэр АНУ, Хятадын цэргүүдийн дунд ширүүн тулаан өрнөсний улмаас эх орондоо эргэн иржээ. Англи хэлээр чөлөөтэй ярьдаг тэрбээр Цинхуа их сургуульд хэсэг хугацаанд суралцсаныхаа дараа Солонгосын Панмүнжом тосгонд болсон сөргөлдөгч талуудын найрамдлын хэлэлцээнд оролцож байжээ.

Энэхүү үйл явдлаас хойш Жи Чаожу Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд, Гадаад хэргийн Жоу Эньлайгаас өгсүүлээд удирдагч Мао Зедуны орчуулагчаар ажиллажээ. Мао Зедуныг таалал төгссөний дараа тэрбээр Дэн Сяопиний орчуулагчийн үүргийг гүйцэтгэж эхэлсэн байна.

Жоу Эньлай 1973 онд түүнийг албан бус зохицуулалтын товчоо байгуулахаар АНУ руу илгээжээ. Хятад, Америк 1979 онд дипломат харилцаа тогтоосны дараа Дэн Сяопинийг АНУ-д айлчлах үед Жи Чаожу дагалдан явж байжээ. Үүний дараа тэрбээр Вашингтон хот дахь Хятадын Элчин сайдын яаманд ажиллаж байснаас гадна Фижи, Их Британид суугаа Элчин сайд, НҮБ-ын хөгжил, менежментийн үйлчилгээний асуудал хариуцсан нарийн бичгийн даргын орлогчоор тус тус ажиллажээ. Тэрбээр хамгийн сүүлд Хилийн чанадаас ирсэн иргэдийн Бүх Хятадын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, уг албан тушаалаасаа 2005 онд огцорсон байна.

Хятадын хойд нутгийн Шаньси мужид 1929 онд чинээлэг гэр бүлд мэндэлсэн Жи Чаожу есөн настайдаа гэр бүлийнхнийхээ хамтаар АНУ руу нүүжээ. Тэрбээр ахынхаа хамт Нью-Йорк хотын хувийн сургуулиудад суралцах хугацаандаа англи хэлийг эзэмшиж, Америкийн соёлын талаар гүн гүнзгий мэдлэг хуримтлуулсан нь Хятадын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэхэд нөлөөлжээ.

1966-1976 оны Соёлын хувьсгалын үед Жи Чаожу бусад өндөр албан тушаалтнуудын нэгэн адил хавчигдаж байсан бөгөөд ялангуяа гадаадад боловсрол эзэмшсэн нь ихээхэн нөлөөлж байжээ. Тэрбээр энэ талаараа “The Man on Mao’s Right” намтар номдоо дурссан байна.

“Жи Чаожу дөрөвдүгээр сарын 29-нд Бээжин хотод өвчний улмаас таалал төгслөө” гэж Гадаад хэргийн яамнаас “Associated Press” агентлагт мэдээлжээ. “Бид ноён Жи Чаожуг таалал төгссөн явдалд гүнээ эмгэнэж байгаа бөгөөд түүний гэр бүлд эмгэнэл илэрхийлж байна” гэж уг мэдэгдэлд тэмдэглэжээ. Тэрбээр хоёр хүүтэй ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.