Тариаланчид тарьж ургуулахаас гадна бүтээн байгуулалтын олон ажлыг хийжээ

Газар тариалангийн компаниудын бүтээн байгуулалт болоод хаврын ажил байдалтай биечлэн танилцахаар Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, мэргэжилтнүүдийн хамтаар Хушаат, Зүүнбүрэн суманд ажиллажээ.
Тариаланчид тариа тарьж ургуулахаас гадна нийгэм рүү хандсан бүтээлч ажлуудыг нэлээд хийсэн аж. Тухайлбал газар тариалангийн үйлдвэрлэлд дэвшилтэт техник, тенхнологи нэвтрүүлэх, ажилчдын мэдлэг ур чадвар, ажлын байрны нөхцөл, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр ажилласан аж. Мөн байгаль, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариаланг хөгжүүлэх чиглэлээр бүтээн байгуулалтын олон ажлыг үе шаттайгаар хийсэн байна.
Тодруулбал 2019 оны улсын аварга тариаланч хамт олон, Хушаат сумын “Өгөөж мандал уул” ХХК хөрс хамгаалах чиглэлээр дорвитой бүтээлч ажлыг хийжээ. Тус хамт олон хөрс хамгаалах өдрийг угтан хөрс болон тариалангийн талбайг хамгаалах зорилгоор өөрийн талбайг хашаажуулан 15.0 мянган ширхэг шинэс, хус, нарс модыг тарьж, ойн зурвас байгуулсан байна. Мөн тус сумын "Момо агро", "Энх Хушаат" компаниудын хийсэн ажил томоохон үлгэр жишээ болж байгаа аж. Тодруулбал Хушаат сумын 2018 оны улсын аварга тариаланч хамт олон "Момо агро"-ийнхан хаврын шар усны үер, зуны улиралд орсон борооны усыг хуримтлуулан хөв, цөөрөм байгуулжээ. Энэ нь эдийн засгийн хэмнэлттэй, усалгаатай газар тариаланг хөгжүүлэхэд ихээхэн үр дүнгээ өгчээ. Мөн тэд ажилчдын байр, орон сууцыг сайжруулсан гээд олон бүтээн байгуулалтын ажлыг хийсэн байна. Мөн Хушаат сумын Тариаланчдын холбооноос иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор 4081.8 мянган төгрөгийн өртөг бүхий 10 төрлийн эмнэлгийн багаж хэрэгслийг сумын ЭМТ-дөө хандивласан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.