С.Баяр: Хохирогч нь тодорхойгүй хэргээр яллах гэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2020.05.11/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэлсэн.
Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Тэгвэл яг одоо Ерөнхий сайд асан С.Баяр шүүхийн гадна хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлж байна.
Тэрбээр "Энд байгаа залуусын ихэнхийг нь би танихгүй. Танихгүй хүмүүсийг нэг газарт авч ирж байгаа нь буруу юм. Сая шүүх хуралдааныг нээлттэй явуулах уу, хаалттай явуулах уу гэж асуулаа. Бид нээлттэй явуулах дээр санал нэгдлээ. Энд ямар улсын нууц байгаа биш. Биднийг улсад хохирол учруулсан гэж яллаж байна. Гэтэл хохирлын хэмжээ байхгүй. Хохирогч байхгүй хэрэг яваад байна. Хэрэв хохирол учирсан гэж үзэж байгаа бол хохирогчоо авч ир" гэв.
Түүнчлэн "Намайг "Петровис" компанийн шатахууныг Оюутолгойд хэрэглээний үнээс өндөр үнээр шахсан гэдэг. Хэрэв би Ерөнхий сайд байхдаа ийм зүйл хийсэн бол "Петровис" ашигтай ажилласан болж таарна. Тийм зүйл алга. Дээр нь Оюутолгойн талаас мэдүүлэг аваагүй гэх мэт олон асуудал байна. Өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлэг болж байгаа болохоор өмгөөлөгч нар маань тодорхой саналуудыг тавьж байна. Дубайн гэрээг би мэдэхгүй, хэвлэл мэдээллээс л мэдээлэл авсан. Тиймээс бидний хэргийг тусад нь авч хэлэлцэх байлгүй дээ.
Итгэл хамгийн сүүлд мөхдөг. Үнэн зөвөөр шийдээсэй билээ гэж итгэж найдаж явна. Гэм буруутай нь ногтлогдвол надаас авахуулаад ял хүлээхэд бэлэн байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.