Монголын сонсогчид ОХУ-ын цэргийн ТУСГАЙ ОНГОЦООР эх орондоо ирлээ

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 2020.05.06-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай цахим уулзалт хийх үеэр шинэ төрлийн коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын цэргийн их, дээд сургуулиудад сурч байгаа монгол оюутнуудыг эх оронд нь авчрах асуудлаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас дэмжлэг хүссэн билээ.
Энэ дагуу эхний ээлжид ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяаны цэргийн сургуулиудад суралцдаг монгол оюутан болон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид Оросын Зэвсэгт хүчний тусгай үүргийн онгоцоор өнөөдөр (2020.05.13) эх орондоо ирж байна.
Оросын цэргийн тусгай үүргийн эхний онгоц 13:15 цагийн орчимд газардлаа. Удахгүй дахин хоёр онгоц бууна.
ОХУ-д сурч байгаа сонсогч, оюутан, зэвсэгт хүчний алба хаагчид нийлсэн 340 орчим хүнийг ОХУ-ын армийн тусгай үүргийн гурван онгоц хүргэж ирж байгаа ба Батлан хамгаалах яам эдгээр цэргийн алба хаагч болон сонсогчдыг хүлээж аван, ариутгал халдваргүйжүүлэлт хийх болон тусгаарлах ажлыг хариуцан зохион байгуулж байна.
БХЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Батсайхан "Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын санаачилга гаргасны дагуу ОХУ-ын батлан хамгаалах яам ийнхүү богино хугацаанд өөрийн зардлаар монгол сонсогч, оюутнуудыг эх оронд маань хүргэж ирлээ. Энэ бидэнд том тус. Монгол, Оросын Батлан хамгаалах салбарын найрсаг харилцааг илэрхийлсэн, хоёр улсын Батлан хамгаалах сайдууд хамтран хилийн чанадад сурч байгаа сонсогчдын эрүүл мэндийн төлөө хийж буй чухал алхам" гэж ярилаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.