М.Энхсайханы араас С.Баяр, дараа нь ХЭН БЭ?

Нэгэн цагт төр түшилцэж явсан нөхөд нэг нэгээрээ хууль, хяналтын үүд сахиж суудаг жишиг нэгэнт тогтжээ. Ялангуяа Засгийн газрыг тэргүүлж, төрийн хувь заяаг шийдэж явсан үе, үеийн Ерөнхий сайд нарын хэрэг олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татдаг. Тэдний ихэнх нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон байдаг.
Саяхан л гэхэд Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийг шүүх эцэслэж, ял оноосон бол Ерөнхий сайд асан С.Баярын хэрэг шүүхийн шатанд явна. Энэ хоёроос гадна Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт холбогдох хэргийг прокурорт шилжүүлээд байгаа билээ. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар цагтаа Засгийн газрыг тэргүүлж Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, С.Баяр, Ч.Сайханбилэг нарын гурван хүний хэрэг олны анхаарлын төвд байна.
Хэдийгээр тэдний Ерөнхий сайдаар ажиллаж байсан цаг хугацаа, холбогдсон хэрэг нь өөр ч хууль хяналтынхны үүдийг сахих тавилан нь ижил байжээ. Тэд эхнээсээ ял сонсож эхэллээ. Одоо Ерөнхий сайд асан М.Энхсайханы араас С.Баяр, тэгээд Ч.Сайханбилэг, дараа нь хэн бэ гэх асуулт л үлдээд байна.
-ЕРӨНХИЙ САЙД АСАН М.ЭНХСАЙХАНД 4.6 ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО-
Одоогоос 24 жилийн өмнө Засгийн газрын тэргүүнээр 1.6 жил ажилласан М.Энхсайханыг өнгөрсөн парламентын үед Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр ялласан билээ. Түүнийг Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн гэрээг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, дээрх гэрээн дээр эрх мэдлээ урвуулан ашигласан гэж буруутгасан байдаг.
Хэдийгээр М.Энхсайхан шалгагдаж байх хугацаандаа өөрийгөө гэм буруугүй гэдгээ хэвлэлийнхэнд хэд, хэдэн удаа хэлж байсан ч шүүхээс түүнд 4.6 жилийн хорих ял оноосон юм.
Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн баасан /2020.05.07/ гарагт болсон. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж шүүх бүрэлдэхүүн яллагдагч М.Энхсайханд 4.6 жилийн ял оноож, ялаа эдэлж дууссаных нь дараа нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах шийдвэрийг гаргасан юм. Одоо тэр ШШГЕГ-ын харьяа хорих ангид шүүхээс оноосон ялаа эдэлж байна.
-ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯР НАРЫГ ШҮҮХ ХУРЛЫГ ТОВЛОЛОО-
Монгол Улсын Засгийн газрыг 2008-2009 оны хооронд "толгойлж" явсан Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд явна. Түүнд холбогдох хэргийг энэ сарын 25-ны өдрийн 09:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлоод байна.
Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ бусдад давуу эрх олгосон байж болзошгүй, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм.
Тэрбээр хэргийнхээ талаар хэвлэлд "Намайг "Петровис" компанийн шатахууныг Оюутолгойд хэрэглээний үнээс өндөр үнээр шахсан гэдэг. Хэрэв би Ерөнхий сайд байхдаа ийм зүйл хийсэн бол "Петровис" ашигтай ажилласан болж таарна. Тийм зүйл алга. Дээр нь Оюутолгойн талаас мэдүүлэг аваагүй гэх мэт олон асуудал байна. Биднийг улсад хохирол учруулсан гэж яллаж байна. Гэтэл хохирлын хэмжээ байхгүй. Хохирогч байхгүй хэрэг яваад байна. Гэм буруутай нь ногтлогдвол надаас авахуулаад ял хүлээхэд бэлэн байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг.
-ЕРӨНХИЙ САЙД АСАН Ч.САЙХАНБИЛЭГ ХЭЗЭЭ МОНГОЛД ИРЭХ ВЭ?-
Өнгөрсөн парламентын үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг 2015 онд Дубайн санхүүжилтийн төлөвлөгөөг хөрөнгө оруулагч талтай үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа. Түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, саяхан хэргийг нь прокурорт шилжүүлсэн байдаг.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг мөрдөн шалгалтын явцад гаднын оронд эмчилгээ хийлгэх нэрийдлээр эх орноосоо оргон зайлсан гэж үзэж байгаа.
Түүнийг өнгөрсөн хугацаанд хууль, хяналтын байгууллагаас эрэн сурвалжилж, бүр интерполд хүртэл хандсан удаатай. Энэ хүрээнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АНУ-д амьдарч байгааг нь тогтоосон юм. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тэндээ хуулийн фирм хөлсөлж, Монгол Улсын хууль хяналтын байгууллага улс төрийн зорилгоор яллах гэж байна гэх гомдол гаргасан. Хэдийгээр яллагдагч нь эх орондоо ирээгүй ч түүнд холбогдох хэрэг нь прокурорын шатанд хянагдаж байна. Харин тэр хэзээ эхэорондоо ирэх нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.