"COVID-19"-ийн хорионоос болж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эм тасалджээ

"COVID-19"-ийн хорионоос болж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эм тасалджээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ харж, хажуугаар нь чихмэл тоглоом хийдэг иргэн Т.Туяажаргал өөртэйгээ адилхан эцэг эхчүүдтэй хамтран хүүхэд хөгжлийн “Энэрэл” төвийг үүсгэн байгуулжээ.

Тус төвийн үйл ажиллагаатай Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул нар өнөөдөр танилцлаа. 

“Энэрэл” төвд одоогийн байдлаар оюуны бэрхшээлтэй, тархины саажилттай гэх оноштой 24 хүүхэд явж байна. Хүүхдүүдэд энд хөдөлгөөний засал, сургалтууд явагддагаас гадна эцэг эхчүүдэд нь ажил эрхлэх боломж олгодог байна. Учир нь тус төв дэргэдээ чихмэл тоглоомын “Ханни” үйлдвэртэй бөгөөд хүүхдүүдийнхээ ээжүүдийг ажилладаг байна. Ээжүүдийн урласан тоглоомыг борлуулж олсон ашиг төвийн үйл ажиллагаанд чамгүй их нэмэр болдог хэмээн төвийн тэргүүн Т.Туяажаргал хэлж байв.

Тэрээр, "Манайх шиг төв өнөөдрийг хүртэл статусгүй явж байгаа. Ямар нэгэн стандарт журам байхгүй үйл ажиллагаа явуулж байгаа учраас төрөөс санхүүжилт авдаггүй. Хүүхдүүдийн багахан хэмжээний төлбөр, ээжүүдийн урласан чихмэл тоглоомоосоо санхүүжилтээ зохицуулдаг. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хөгжих орчинг бүрдүүлэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй учраас Төр захиргааны байгууллагын харьяа болох эсхүл хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна.  

Т.Туяажаргал: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжих орчинг бүрдүүлэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байна

Тусгай сургуульд бүртгэлтэй боловч байнгын асаргаатай учраас хичээлдээ явж чаддаггүй маш олон хүүхдүүд гэртээ байна. Эдгээр хүүхдийн эцэг эхчүүд хүүхдээ гэрт нь байлгаад байхгүй аль болох өөрт нь тохирсон дасгал хөдөлгөөнийг хийлгэж, хөгжүүлэх сонирхолтой. Бид адилхан зовлонтой эцэг эхчүүд учраас үр хүүхдүүдийнхээ төлөө чадах бүхнээ хийж явна” гэсэн юм.


Өнөөдрийн байдлаар "COVID-19"-ийн нөхцөл байдал, хорионоос болж хүүхдүүд эмээр дутагдаж байна. Гадаадаас захиж авчирдаг эм тасарснаас зарим хүүхдийн өвчин хүндэрсэн учраас УОК, ЭМЯ-нд удаа дараалан хандан хүсэлт тавиад байгаа ч одоогоор амжилтгүй байгааг дуулгаж байв. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Ш.Анхмаа хүүхдүүдэд шаардлагатай эмийн жагсаалт болон албан хүсэлтийг УОК, ЭМЯ-д хүргэж, ажил хэрэг болгохыг дуулгаад цаашид тус төвийг стандарт шаардлагад нийцсэн статустай болгох, хувьсах зардлыг олгохыг судалж шийдвэрлэх ажлын хэсэг гаргахаар боллоо.

Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх "Вива сити" хороололд байрладаг тус төвийн байрыг "MCS групп" нийгмийн хариуцлагын хүрээнд түрээсийн төлбөргүйгээр 3 жил ашиглуулж байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.