М.Помпео Афганистанд болсон халдлагуудыг зэмлэн буруушаажээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Афганистаны эмнэлэгт болон оршуулах ёслолын үеэр үйлдсэн халдлагуудыг зэмлэн буруушаагаад, шударга ёсыг цогцлоохын төлөө хамтран ажиллахыг Афганистаны Засгийн газар, “Талибан” хөдөлгөөнд уриалжээ.
“АНУ Афганистанд мягмар гарагт болсон аймшигт террорист халдлагуудыг зэмлэн буруушааж байна” гэж М.Помпео “Twitter” хуудсандаа нийтэлжээ. Цагдаагийн хувцас өмссөн зэвсэглэсэн этгээдүүд Кабул хотын амаржих газарт халдлага үйлдсэний улмаас 13 хүн амиа алдсаны дунд нярай хүүхдүүд, амаржаад удаагүй эхчүүд, эмнэлгийн ажилтнууд байжээ.
Мөн тухайн өдөр Нангархар мужид цагдаагийн командлагчийг оршуулах ёслолын үеэр амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 26 хүн амиа алдаж, 68 хүн шархаджээ. “Талибан” хөдөлгөөний зүгээс эдгээр халдлагыг үйлдээгүй гэж мэдэгдсэн байна.
АНУ, “Талибан” өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд найрамдлын хэлэлцээр байгуулж, АНУ гуравдугаар сараас Афганистанаас цэргүүдээ татаж эхэлсэн нь 18 жил үргэлжилсэн дайныг дуусгах эхлэл болсон юм. Харин “Reuters” агентлагийн мэдээлснээр, АНУ цэргүүдээ татаж эхэлснээс хойш “Талибан” Афганистаны аюулаас хамгаалах хүчнийг онилсон халдлагаа нэмэгдүүлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.