Мадуро сөрөг хүчнийг парламентын сонгуульд оролцохыг уриалжээ

Мадуро сөрөг хүчнийг парламентын сонгуульд оролцохыг уриалжээ

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро тус улсын сөрөг хүчинд хандан энэ жил явуулахаар товлосон парламентын сонгуульд оролцохыг  уриалжээ. 

“Нэр дэвшигчдээ дэвшүүл. Бид Венесуэлийн ард түмний асуудлыг парламентын сонгуулиар шийднэ, хэн ялах нь хамаагүй” гэж тэрбээр лхагва гарагт болсон арга хэмжээний үеэр мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Мадуро коронавирусний халдварын нөхцөл байдал сонгууль явуулахад саад болж болзошгүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Венесуэлд коронавирусний халдварын анхны хоёр тохиолдол гуравдугаар сарын 13-нд илэрсэн бөгөөд тус улсын Засгийн газар мөн энэ өдөр онцгой байдал тогтоосон юм. Венесуэлийн эрх баригчид орон даяар хөл хорих шийдвэр гаргасныг Мадуро гуравдугаар сарын 17-нд мэдэгджээ. Тавдугаар сарын 13-ны байдлаар тус улсад коронавирусний халдварын 440 тохиолдол бүртгэгдэж, 10 орчим хүн нас барсан байна.  

2019 оны нэгдүгээр сарын 23-нд Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласны дараа тус улсын улс төрийн байдал хурцадсан юм. АНУ, Лимагийн бүлгийн орнууд /Мексикээс бусад/, Америкийн улсуудын байгууллага болон Европын Холбооны ихэнх улс түүнийг хүлээн зөвшөөрсөн бол ОХУ, Беларусь, Болив, Иран, БНХАУ, Куба, Никарагуа, Сальвадор, Сири болон Турк улс Мадурог дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.