ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Өнөөдөр 2020.05.18. Энэ оны 138 дахь өдөр бол он дуусахад 228 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 10 минутад мандлаа. 20 цаг 28 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 19 хэм, шөнөдөө 1 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын музейн өдөр. Мөн ДОХ-ын эсрэг вакцины өдөр өнөөдөр тохиож байна. Дэлхийн улс орнуудаас Гаитид өнөөдөр Төрийн далбааны өдөр бол Украинд Крымийн татаруудыг хоморголон устгасан өдөр, Сирид Багш нарын өдөр, Шри-Ланкад Ялалтын өдөр юм.
Өнөөдөр Английн рок хөгжимчин Рик Уэйкман, Германы поп дуучин Сандра, Португалийн хөл бөмбөгчин Рикарду Карвалью, Оросын жүжигчин Ольга Ломоносова, Аргентины жүжигчин, фото модель, дуучин Луисана Лопилато, Украины дуучин Алексеев, Оросын уран гулгагч, Олимпын алт, мөнгөн медальт Алина Загитова зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:
1963 оны энэ өдөр Улсын дуурь, бүжгийн театр П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийснээр Монголд хөгжмийн мэргэжлийн театр байгуулагдав. МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөл Улсын Хөгжимт драмын театрыг Улсын драмын театр, Улсын дуурь, бүжгийн театр болгон өөрчилж, бие даасан хоёр театр байгуулах болсон юм.
1987 оны энэ өдөр БНМАУ, Бразил улстай дипломат харилцаа тогтоожээ.
2013 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг ИЗНН, МҮАН дэмжиж оролцох Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол Төрийн ордонд болов.
Энэ өдөр үс засуулбал жаргал үргэлжид ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр үхэр, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр эм, эмнэлгийн үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, гэр бүрэхэд сайн бол мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд тохиромжгүй.
Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.