УИХ дахь АН-ын гишүүд 58 хууль, тогтоолын төсөл санаачилжээ

УИХ дахь АН-ын гишүүд 58 хууль, тогтоолын төсөл санаачилжээ

 УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, 2016 онд байгуулагдсан парламентын ажлыг дүгнэсэн байна.

2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАН үнэмлэхүй олонхын суудал авсан бол Ардчилсан нам 9 суудал авч сөрөг хүчнээр ажилласан. Тус нам  Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд цаг үеийн тулгамдсан асуудлаар нийт 32 удаа асуулга тавьж, 58 хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг санаачлан боловсруулж өргөн барьж хэлэлцүүлсэн гэдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэв.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль,  Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай тогтоол тус тус батлагдсан, Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд явж байна.

Ноднин баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан саналуудаас “Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхийг УИХ-д хориглоно”, "УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг эгүүлэн татах үндэслэл болно” гэсэн санал туссан байна. Мөн “Байгалийн баялагийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй, орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.” гэсэн санал дэмжигдсэн бөгөөд Ардчилсан намын зөвлөлийн гаргасан “Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” саналыг тусгажээ.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, "Бид ирэх дөрвөн жилд эдийн засгийн маш хүнд нөхцөл байдалтай хариуцлагатай жилүүд ирж байна. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу маш олон эрх зүйн орчныг шинэчлэх хүлээлтийн дөрвөн жил ирж байна. Тиймээс УИХ-ын шинэ бүрэлдэхүүнд маш өндөр хариуцлага ноогдоно гэж бид харж байна" хэмээв.

Өнгөрсөн дөрвөн жилд буюу 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөр 70 хувьтай биелсэн хэмээн Засгийн дүгнэсэн. Сүүлийн 3 жил эдийн засаг 6-8 хувь өсөлттэй байсан ч иргэдийн амьдралд, өрхийн орлогод эергээр нөлөөлөхгүй байгааг З.Нарантуяа гишүүн шүүмжлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.