Тойргоосоо зугтсан НЭР ДЭВШИГЧИД

Парламентын найм дахь удаагийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид өнгөрсөн бямба /2020.05.16/ гарагт албан ёсоор тодорсон. Харин энэ удаагийн ээлжит сонгуульд УИХ-ын 53 гишүүн нэр дэвших эрхээ намаасаа авсан. Өөрөөр хэлбэл, эрх баригч нам болох МАН-ын 43, сөрөг хүчин болох АН-ын найм, улс төрийн гуравдагч хүчин болох ШИНЭН-ын хоёр гишүүн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшихээр болсон юм.
Тэгвэл журмын нөхдийнхөө итгэлийг тээж, намаасаа нэр дэвших эрхээ албан ёсоор өвөртөлсөн УИХ-ын 53 гишүүний тав нь тойргоосоо зугтжээ. Тэд өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд нийслэлээс нэр дэвшиж ялалт байгуулж байсан бол энэ удаад орон нутагт нэр дэвшихээр болсон байна.
Тухайлбал, өнөөгийн парламентад сонгогдохдоо Хан-Уул дүүргээс нэр дэвшиж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж найм дахь удаагийн УИХ-ын сонгуульд Орхон аймагт нэр дэвшихээр болж байна. Харин Сүхбаатар дүүргээс сонгогдож парламентын гишүүн болсон Сү.Батболд Дундговь аймагт нэр дэвшихээр болсон бол мөн тус дүүргээс сонгогдож парламентын гишүүн болсон Ц.Цогзолмаа Ховд аймагт нэр дэвшихээр боллоо. Түүнчлэн УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулж байсан Б.Энх-Амгалан Говь-Алтай аймагт нэр дэвшиж байгаа бол Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн С.Жавхлан Увс аймагт нэр дэвшихээр болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.