КОВИД-19 халдвар авсан өвчтөнийг нохой илрүүлж чадах эсэхийг судална

Их Британийн эрдэмтэд тусгай сургуулилттай нохой коронавирусний халдвар авсан хүнийг үнэрээр нь илрүүлж чадах эсэх судалгаа явуулахаар болжээ.
Анагаах ухааны Medscape сайтад мэдээлснээр, нохой шинж тэмдэг илрэхээс нь өмнө хүн халдвар авсан эсэхийг илрүүлж чадах эсэхийг тогтоох судалгаа ойрын үед эхлэх гэнэ. Үүний тулд Эрүүл мэндийн үндэсний албаны мэргэжилтнүүд шинэ төрлийн коронавирусний халдвар авсан өвчтөнүүд болон халдвар аваагүй эрүүл хүмүүсийн үнэрийн дээж авах гэнэ. Үүгээр нохой тухайн хүн халдвар авсан эсэхийг үнэрээр нь илрүүлж чадах эсэхийг турших аж.
Лондонгийн эрүүл ахуй, халуун бүсийн анагаах ухааны сургууль, Дурхамын их сургуулийн эрдэмтдийн хийх энэхүү судалгаанд зориулж Их Британийн эрүүл мэндийн яам 500 мянган фунтын санхүүжилт олгосон байна. Хэрэв судалгаагаар амьтад КОВИД-19-ийг үнэрлэх чадвартай нь тогтоогдвол лабрадор, кокер спаниэл үүлдрийн зургаан нохойг сонгон авч, сургах гэнэ. Судлаачдын хэлснээр, амьсгалын замын өвчний үед хүний биеийн үнэрт өөрчлөлт гардаг байна. Тусгайлан сургасан ноход хумхаа, шижин, Паркинсоны өвчин, хорт хавдрыг хүртэл үнэрлэж илрүүлдэг байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.