АНУ БНХАУ-ын Тайваньд Торпедо пуужин нийлүүлнэ

АНУ БНХАУ-ын Тайваньд Торпедо пуужин нийлүүлнэ

АНУ-ын засаг захиргаа БНХАУ-ын Тайваньд хамгийн орчин үеийн усан доогуур харвадаг Торпедо пуужин нийлүүлнэ гэж мэдэгдлээ. Вашингтоны энэ шийдвэр Хятадтай таагүй байгаа харилцааг нь улам муутгаж магадгүй байна. Америк саяхан мөн л Тайванийг ДЭМБ-ын чуулганд ажиглагчаар оролцуулахыг дэмжихийг улс орнуудад уриалж, Хятадын дургүйцлийг төрүүлсэн. Улмаар Хятад улс нэг улс, хоёр систем бодлогыг нь хөндөж, тусгаар улсын дотоод хэрэгт оролцохгүй байхыг АНУ-д хандаж удаа дараа мэдэгдээд байна.

Трампын засаг захиргаа Тайваньд зэвсэг зарах шийдвэрээ өчигдөр Конгрессдоо танилцуулжээ. АНУ Тайваньд Торпедо пуужин 18 ширхгийг түүний дагалдах төхөөрөмжийн хамт 180 сая америк доллараар зарах юм байна. АНУ Тайвань аралтай албан ёсны харилцаагүй боловч Тайваньтай харилцах гэрээндээ суурилж, зэвсэг нийлүүлдэг юм байна. АНУ-ын төрийн Департаментын албан тушаалтан хэвлэлд мэдээлэхдээ Нэг Хятад бодлогод баримталдаг Америкийн байр суурь өөрчлөгдөөгүй, энэхүү зэвсгийн худалдаа нь зөвхөн Тайваний одоогийн батлан хамгаалах хүчин чадлыг сайжруулах зорилготой хөрөнгө оруулалт гэж тайлбарласан байна.

Харин ажиглагчид Трампын засаг захиргаа дахиад Тайваньд зэвсэг нийлүүлэх гэрээ байгуулах замаар Хятадад үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхийг чармайж байна гэж үзэж байна. Одоогоор Вашингтон коронавирусний тархалттай холбогдуулан Хятад улсыг буруутгаж, Тайванийн асуудлыг хөндөх болсноор Бээжин Вашингтоны хооронд таагүй уур амьсгал бүрдээд байна.  Трампын засаг захиргаа Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудлыг жил дараалан гаргаж ирсэн байдаг юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.