Австрали, Хятадын үл ойлголцол Монголын нүүрсний экспортонд нөлөөлөх үү.
![Австрали, Хятадын үл ойлголцол Монголын нүүрсний экспортонд нөлөөлөх үү.](http://olnodo.com/media/resized/1200x0/images/5ecb309f8b3e8.jpg)
Монголын эдийн засаг энэ оны эхний улиралд 10.7 хувиар агшсан нь коронавирустэй холбоотой. Тэгвэл коронавирусний нөлөөгөөр Монголын нүүрсний экспорт НЭМЭГДЭЖ магадгүй нөхцөл байдал үүсээд байна.
Учир нь Австралийн Ерөнхий сайд Скот Моррисон коронавирусийг олон улс даяар тархаасан асуудлаар Хятадыг шалгах хэрэгтэй гэж мэдэгдээд зогсохгүй, уриалга гаргасан нь хоёр орны дипломат харилцаанд асуудал үүсгэж, хор хохирол нь эдийн засгийн хамтын ажиллагаанд сүүдэр тусгаж эхэлснийг ABC мэдээлсэн юм.
Хятадын тал Австралийн Засгийн газрын байр суурьт дургүйцэж буйгаа илэрхийлэн тус улсаас импортолдог нүүрс болон үхрийн мах, дарс авахгүй байгаа тухай хэвлэлүүд мэдээлж буй юм. Түүнчлэн Австралийн арвайнд 80 хувийн импортын татвар хэрэгжүүлж эхэлснийг мөн онцолж байна.
Хятад бол Австралийн нийт экспортын 30 орчим хувийг шингээдэг том зах зээл юм. Австралиас экспортолдог түүхий эд, бүтээгдэхүүнийг мөнгөн хэмжээгээр эрэмбэлэн жагсаавал:
- Төмрийн хүдэр ба баяжмал - 96.57 тэрбум доллар
- Нүүрс – 64.35 тэрбум доллар
- Байгалийн хий- 48.8 тэрбум ам.доллар
- Алт – 23.37 тэрбум доллар
- Үхрийн мах – 10.8 тэрбум доллар байгаа юм.
Тэгвэл эндээс нүүрсний экспортыг тухайлан авч үзвэл Австралийн нүүрсний экспортын хамгийн том зах зээл нь Япон. Харин Хятад хоёрдугаарт бичигддэг. Сүүлийн тоо баримтаас харахад Япон улсад 17.05 тэрбум долларын нүүрс ногдож буй бол Хятадад 14 тэрбум ам.долларын нүүрс ногдож буй байна.
Түрүүн хэлсэнчлэн Австралийн нүүрс Хятадад очихгүй байх нь бусад нийлүүлэгчдэд том боломж олгоно гэдэг нь энэ тооноос харахад тодорхой юм. Хятад улсын нүүрсний импортын тухайд Австралиас гадна ОХУ, Индонези, Монгол гэхчлэн орнуудаас авдаг. Тэгэхээр Австралиас татах нүүрсний орон зай нь хэсэг хугацаанд сул байлаа гэхэд Монголын өрсөлдөгч ОХУ байна гэсэн үг.
ОХУ-ын тухайд хоёр жилийн дараа гэхэд нүүрсний экспортоор дэлхийнд нэгдүгээрт бичигдэх амбицтай. Тийм том амбицын дэргэд нүүрсээ машинаар зөөсөн чигээрээ байгаа Монгол Улсын өрсөлдөх чадвар агшиж байгаа нь үнэн. Хэдий тийм ч өнөөдөр үүсээд буй Хятад, Австралийн таагүй харилцааг “үүлэн чөлөөний нар” шиг санахын сацуу ашиглаад өнгөрөх боломж байна уу гэдэг нь яг өнөөдрийн цар тахлаас хамаарсан хүнд үед чухал юм.
Хятадын Нүүрс Тээвэр Худалдааны Ассоциацийн Дэд ерөнхийлөгч Ли Жунмин Монгол, ОХУ хоёрын Хятадын нүүрсний зах зээлд эзлэх боломжийн талаар хэлэхдээ аль алинд нь давуу тал бий гэсэн байсан. Тухайлбал, Монгол Улсын давуу тал нь Хятадтай маш ойр тул энэ боломжоо сайн ашиглах ёстой гэсэн юм. Тэгэхээр коронавирусний халдвар дотооддоо алдаагүй байгаа Монгол Улсын хувьд газар зүйн байршлын давуу талаа ашиглан нүүрсний экспортоо өсгөх боломж харагдаж байна.
Дөрөвдүгээр сард Монгол Улсын гадаад худалдааны нөхцөл сайжрахад, нүүрсний экспортын үнэ өссөн нь голлон нөлөөлсөн. Цаашлаад Австралийн нүүрсний Хятад руу нийлүүлэх экспорт гацвал Монголын нөхцөл өшөө нэмж сайжрах боломж гарах юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.