КОВИД-19-ИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫ ТАЛААРХ СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТОЙМ
ДЭМБ улс орнуудад хийгдэж буй 120 гаруй вакцин бүтээх туршилт судалгааны үр дүнг дараах 5 шалгуураар эрэмбэлэн дүгнэхээр болжээ. Үүнд:
1. Аюулгүй байдал: вакцин хийлгэсэн иргэдийн бие махбодид сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх
2. Үр дүн: коронавирусээс хамгаалах дархлаа хүний биед үүсгэж байгаа эсэх
3. Тогтвортой байдал: энгийн орчинд хадгалахад вакцин чанараа алдах эсэх
4. Вакцин хийлгэх явц: хэдэн удаа, ямар тунгаар хийх эсэх
5. Хүчин чадал: вакцин их хэмжээгээр үйлдвэрлэх, түгээх чадвартай эсэх.
Туршилт судалгаа:
• АНУ-ын “Modern Inc” компани 3-р сараас эхлэн КОВИД-19-ийн эсрэг вакциныг хүнд туршиж эхэлсэн байна. Туршилтад орсон 8 хүнд 100 болон 25 микрограмм тунгаар вакцин хийхэд эдгээр иргэдийн цусанд КОВИД-19-өөр өвчилж эдгэрсэн хүмүүсийн цусанд үүссэнээс илүү хэмжээний эсрэг биет үүсч байгаа аж. Вакцин хийлгэсэн хүмүүст гаж нөлөө гараагүй давуу тал байгаа ажээ. Цусанд үүсэх эсрэг биетийн хэмжээ вакцины тунгаас хамаарч буйг тогтоосон байна. Чухам хэдий хэмжээний эсрэг биет шинэ төрлийн коронавирусээс бүрэн хамгаалах болон уг эсрэг биет хүний биед хэр удаан хадгалагдах боломжтойг судалж байна. “Modern Inc” компани 2 дахь шатны туршилтын эрхээ авсан бөгөөд энэ удаад 50 болон 250 микрограмм тунг ашиглах юм байна. Харин 3 дахь шатны туршилтыг 7-р сард эхлүүлж, 2021 оны эцэс гэхэд 50 микрограмм тун бүхий 1 тэрбум нэгж вакцин үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.
• Их Британи Улсын Оксфордын их сургуулийн бүтээж буй коронавирусийн эсрэг вакцины туршилт амжилттай явагдаж байгаа учраас нэмэлт санхүүжилт олгожээ. Уг вакциныг үйлдвэрлэх эрхийг Astra Zeneca эм үйлдвэрлэлийн компани вакцины үйлдвэрлэлийн эрхийг авч, Засгийн газартай гэрээ байгуулж, 30 сая тунг 9-р сард бэлэн болгохоор ажиллаж байна.
• Шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэх ажиллагаанд АНУ, БНХАУ-ын хооронд хүчтэй өрсөлдөөн болж байна. АНУ-ын Модерн компани ирэх 7-р сараас шинэ төрлийн коронавирусийн эсрэг “mRNA-1273” вакциныг хэдэн мянган ширхэгийг үйлдвэрлэн туршилтад оруулахаар төлөвлөж байгаа бол БНХАУ-ын нилээдгүй эмийн үйлдвэрүүд энэ намраас коронавирусийн эсрэг вакциныг хэрэглэж эхлэхээр төлөвлөн туршилтыг яаравчлан хийж эхлээд байгаа аж.
• АНУ-ын Модерна компанид 483 сая, “Жонсон ба Жонсон” компанид 500 сая, Францын “Санофи” компанид 50 сая ам.долларын санхүүжилт олгоод байсан бол энэ удаад “АстраЗанека” компанид Ковид-19-ийн эсрэг вакцин бүтээхэд зориулж 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болсон талаар мэдэгдэв. Тус компани клиник туршилт амжилттай болвол энэ оны 10-р сар гэхэд 300 сая хүн тун вакцин үйлдвэрлэнэ гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.