Эдгээр гишүүдийг төрийн босго давуулж болох уу.
Монгол төрийн босго өндөр. Түүнийг давж орсон цагт дур зоргоороо аашилж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэж боддог хүн олширсон. Түмний итгэлийг хүлээн төрийн түшээ болоод дур зоргоороо аашилдаг, эсвэл утсан хүүхэлдэйн дөрвөн жилийг Төрийн ордонд сандал бөглөн өнгөрүүлсэн хэсэг байхад, тэднийг залгамжлахаар сонгуульд нэр дэвшээд буй хэсэг бүлэг бий. Эхнээс нь нэр заан танилцуулъя. Зарим талаараа тэднийг сайн дурын уран сайханчид ч гэж нэрлэдэг. Ийм төрлийн хүмүүсийг төрийн босго давуулж болохгүй гэж үзэж болох юм.
Төрийн эрх барих дээд байгууллагаар дотуур хувцасны асуудал хэлэлцүүлсэн Д.Мурат: Шашинлаг, ёс жудаг өндөртэй Баян-Өлгий аймгийн сонгогчдын итгэлийг хүлээн 2016 онд сонгогдсон тэрбээр бусдад бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр цагдаа, шүүхийн хаалга татсан. Хохирогч эмэгтэйн зүгээс УИХ-ын гишүүн Д.Муратыг биеийнхээ эмзэг газрын зургийг явуулж, хэл амаар доромжлон, биед нь гар хүрсэн гэдгийг гэрчилдэг.
Тэр нь олон нийтэд ил болсон. Шүүхээс гэм буруугүй гэж шийдвэрлэсэн байдаг. Улмаар гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хүртэл хэлэлцэж байлаа. Ингэхдээ улс төрийн тохироогоор гишүүнийхээ суудалтай үлдсэн ч гэлцдэг. Гишүүний бүрэн эрхээрээ түрий барин энгийн нэгэн эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх үйл явдал түүний гишүүний үүргээ гүйцэтгэх дөрвөн жилийн хоёрыг нь авсан. Олон нийтээс дөлж өнгөрүүлсэн бусад хугацаанд нь тэрбээр дорвитой үйл ажиллагаа явуулаагүй гэхэд болно. Ийм цол, гуншинтай түүнийг олон нийт ёс зүйн хувьд энэ оны сонгуулиар дахин нэрээ дэвшүүлэхгүй болов уу гэдэг хүлээлт байсан. Гэвч Д.Мурат гишүүн казах түмний омгийн зохион байгуулалтад найдан УИХ-ын гишүүнээр улиран сонгогдохоор нэр дэвшээд байгаа. Нэг талаар дахин нэрээ дэвшиж байгаа нь хувь улстөрчийн ёс зүйгүйтэй холбоотой байх. Нөгөө талаар хүнээ дээдэлдэг гэх Ардчилсан нам эмэгтэй хүнд бэлгийн дарамт үзүүлсэн зураг нь олон нийтэд ил болсон хүнийг нэр дэвшүүлснээрээ давхар намынхаа нэрийг сэвтүүлсэн. Харин одоо түүнийг төрийн босго алхуулах эсэх нь зөвхөн сонгогч түмний мэдэл болж ирээд байна.
Завханаас сонгогдож, Хөвсгөлийг “ухахаар” санаархаж буй Ц.Цэрэнпунцаг: Улсын харцага, амжилттай бизнесмен гэдгээр нь олон нийт түүнийг танина. Гэхдээ улс төрийн хүрээнд нэг шүүмжлэл явж байгаа түүний дийлэнх хувийн хувьцааг нь эзэмшиж буй “Аспайр майнинг лимитед” гэх компанитай холбоотой. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суман дахь Овоотын нүүрсний ордыг ашиглахаар зэхэж байгаа юм. Ямар замаар нь мэдэгдэхгүй ч орд ашиглах лицензээ өвөртөлж, төмөр зам тавих концессийн эрхээ Засгийн газраас аваад байгаа. Гэвч онгон байгаль, дагшин нутгаа хамгаалсан нутгийн иргэд улсын гарьд бус улстөрч Ц.Цэрэнпунцагийн санаархлыг эсэргүүцэж эхэлсэн. Уул уурхай бус аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг ногоон эдийн засаг хөгжүүлэх зорилготой хөвсгөлчүүд тус компанийн лицензийг цуцлуулахаар шат, шатны төрийн байгууллагууд шаардлагаа хүргүүлээд байгаа юм. Ил болсон мэдээллээр Ц.Цэрэнпунцаг энэ ордыг ашиглахаар 100 сая австрали долларын зээлийн баталгаа гаргасан байдаг. Чухам улс төрийн хүрээнд өрнөж буй асуудал үүнээс үүдэлтэй. Түүнийг улс төрд нөлөө бүхий албан тушаалд томилогдох замаар дэнчигнэж буй төслөө хүч түрэн явуулна гэх хардлага явах болсон. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Завханы хэд хэдэн суманд халуун ус барьж, тойргоо усалсан бөгөөд Ардчилсан нам давамгай байгаа тус аймагт МАН-аас нэр дэвших зоригтой хүн олдохгүй удсан. Монголчуудын олонх нь үндэсний бөхөө дээдэлдэг нь гарьдад нэр дэвших мандат олгосон. Гэхдээ ийм шалтгаанаар төрийн босго давна гэдэг эргэлзээтэй зүйл. Хөвсгөлөөс дутахгүй онгон байгалиа хайрладаг Завханы ард түмэн түүнийг “Манай нутгаас сонгогдоод, зэргэлдээх Хөвсгөлийн нутаг усыг ух” гээд л явуулахгүй болов уу.
Өвөрхангайн “Тендерчин” нэр зүүх болсон Г.Ганболд: Өнгөрсөн дөрвөн жил аймгаа удирдсан тэрбээр бүтээн байгуулалтын тендерүүдэд голцуу нэр холбогдсон. Тухайлбал, түүний тухай баримтыг “Цензургүй сурвалжилга” олон нийтэд ил болгосон. Тендерийн хороог Засаг даргын захирамжаар байгуулдаг. Гэтэл 2017 оноос хойш зарлагдсан нийт тендерүүдийн 70 гаруйнх нь үнэлгээний хороог байгуулахдаа аймгийн МАН-ын хорооны улс төрийн ажилтнуудаас бүрдүүлсэн гэдэг. Намын нөхөд нь тендерийн үнэлгээний хороонд орохдоо “Бүтээлч хөгжлийн хөтөч” гэдэг ТББ-ын төлөөлөл болсон. Цаашлаад жолоочийнхоо нэр дээр компани байгуулж, тендерт оролцож, давуу байдалтайгаар авсан байх магадлалтай. Хүүхдийн тоглоомын газраас хумсалж, хувийн компанид шилжүүлсэн асуудал ч сөхөгдсөн. Энэ бүхэнд нь дургүйцсэн нэгэн иргэн түүнийг АТГ-т хүртэл өгөөд байгаа юм. Иргэний гомдолд Өвөрхангай аймгийн ИТХ-ын эзэмшлийн “Өв мийт продактс” ХХК-ийг 2017 онд тус аймгийн удирдлагууд байгуулжээ. Компанийнхаа эргэлтийн хөрөнгөнд нэг тэрбум төгрөгийг орон нутгийн өмчит “Баянтээг” хувьцаат компаниас олгохыг зөвшөөрөх тухай тогтоол гаргасан байдаг аж. Энэ нь компанийн тухай хуулийн тодорхой заалтуудыг ноцтой зөрчиж байгаа гэдгийг дурдсан. Улмаар АТГ иргэний гомдлоор шалгалтаа эхлүүлсэн. Гэвч “тендерчин” нэр зүгээд буй Засаг дарга хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэрийг хүлээж, нэрээ цэвэрлэхийг хүсээгүй. Харин ч УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, гишүүний бүрэн эрх эдлэхээр санаархаж байгаа. Одоо Өвөрхангай аймгийнхан түүнийг төрийн босго алхуулах эсэхээ хэрхэн шийдэхийг харах л үлдлээ.
Бидон тарааснаар Баянхонгор аймагт амьдрал сайжирсан гэж сайрхдаг Д.Ганбат: Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа, энгийн ард болсон ч бидоноо тараасаар яваа. Энэ үйлдлээ сонгогчдод тал засан, саналыг нь худалдан авах оролдлого гэж огт үздэггүй. Харин саальчин эмэгтэйчүүд, усны хүүхдүүдийн ажлын багажийг бэлтгэж буй гэж үздэг. Иргэдийн хуванцар савны хэрэглээг хөнгөн цагаан бидоноор оруулсныгаа хорт хавдартай тэмцэж буй нийгмийн лидер хэмээн сайрхаж яваа. Үнэндээ мань эрийг улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулгын туслах шахуу хүн гэж хардаг. Өөрөө ч УИХ-ын гишүүнээр ажиллах хувь тохиосон дөрвөн жилдээ үүнийг хангалттай батлан харуулсан. Өөрөөр бол гийгүүлсэн юм байхгүй. Д.Ганбатын гээд байх санаачилсан хууль. тогтоомж үгүй. Ерөнхийдөө үе үеийн УИХ-ын сонгуулийн сонголтын алдааг илэрхийлдэг “утсан хүүхэлдэй” гишүүдийн нэг гэхэд хилсдэхгүй. Тэрбээр энэ удаагийн сонгуулиар Баянхонгор аймагт дахин нэр дэвшиж буй бөгөөд сонгуулийн сургаар дахин бидон тараасан байна билээ. Гэвч сонгогчид дахин нэг удаа “утсан хүүхэлдэй” гишүүнд ирээдүйгээ даатган төрийн босго алхуулах нь юу л бол.
Төрийн босго алхуулж болохгүй хүмүүсийн эхлэл нэг иймэрхүү.
Үргэлжлэл бий...
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.