Ялалтын баярын парадын бэлтгэл ирэх сарын 8-нд эхэлнэ.
Ялалтын баярын парадыг зохион байгуулах бэлтгэлийг ОХУ-ын Батлан хамгаалах яам эхлүүлсэн бөгөөд Москва мужийн Алабинад болох эхний сургуулилт 6 дугаар сарын 8-нд болох бол Москва хотын Улаан талбайд болох бэлтгэлийг 6 дугаар сарын 17-нд хийнэ гэж ОХУ-ын хуурай замын цэргийн ерөнхий командлагч хурандаа-генерал Олег Салюков мэдэгджээ.
Парадын бэлтгэл сургуулилтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин парадыг зохион байгуулах тухай мэдэгдсэний дараагийн өдөр буюу 5 дугаар сарын 27-нд эхлүүлжээ.
“Улаан талбайд хийх бэлтгэлийг Москва хотын даргатай зөвшилцөж, 6 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд хийхээр товлосон. 6 дугаар сарын 20-ны өдөр парадын ерөнхий бэлтгэл болно. ОХУ-ын 28 хотод цэргийн сүрт жагсаал болно. Түүнчлэн өөр хот, суурингуудад цэргүүдийг оролцуулсан баяр ёслолын арга хэмжээг явуулахаар төлөвлөж байна. Баярын арга хэмжээнд нийт 177 мянга гаруй хүн, 4.5 мянга гаруй зэвсэг, цэргийн техник нэгжийг оролцуулна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Цэргийн эмч нарын тавих хяналт
Ялалтын баярын цэргийн сүрт жагсаалын бэлтгэлийг хийх үед коронавирусний халдварын тархалттай тэмцэх зорилгоор цэргийн эмч нар урьд өмнө нь байгаагүй арга хэмжээг авна гэж Салюков мэдэгджээ.
"Парадын бие бүрэлдэхүүний байгаа газруудад болон бэлтгэл сургуулилтын үйл явцад цэргийн эмч нар халдварт өвчинтэй тэмцэх бүхий л арга хэмжээг хатуу чанга хяналтан дор авч хэрэгжүүлнэ. Парадад оролцогчдыг хувийн хамгаалалтын хэрэгслээр хангаж, тогтмол эмчийн үзлэг хийж, үзлэгийн үр дүнгээс хамаарч жагсаалд оролцогчдын бэлтгэл хийх, цаашлаад парадад оролцох эсэх боломжийг олгоно” гэж тэрбээр хэлжээ.
Түүнчлэн Москва төдийгүй цэргийн сүрт жагсаал зохион байгуулагдах бүх хотод цэргүүдийг байрлуулах газрыг бэлтгэх ажилд Зэвсэгт хүчний цацраг, хими, биологийн хамгаалалтын анги нэгтгэлүүд оролцож, халдваргүйжүүлэлт хийнэ гэдгийг Салюков онцолжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.