БНСУ-д халдварын 27 шинэ тохиолдол бүртгэгджээ
БНСУ-д бямба гарагт коронавирусний халдварын 27 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 11468-д хүрсэн гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв өнөөдөр мэдээллээ.
Сөүл хотоос баруун зүгт орших Бучеон хотын хүргэлтийн төвд халдварын голомт үүссэний улмаас өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдсэнээс хойш хамгийн цөөн тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм. Шинээр илэрсэн тохиолдлуудын 15 нь дотоодод халдварлажээ.
БНСУ-д өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо лхагва гарагт 79-т буюу сүүлийн хоёр сар орчмын хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр тоонд хүрсний дараа буурч, пүрэв гарагт 58, баасан гарагт 39 тохиолдол тус тус илэрсэн байна. Гэсэн хэдий ч халдварын шинэ голомт үүсэж болзошгүй эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд сонор сэрэмжтэй ажилласан хэвээр байна.
Энэ сарын эхээр Сөүлийн Итаевон дүүрэгт байрладаг шөнийн клуб, цэнгээний газруудад халдварын голомт үүсэж, халдварын олон тохиолдол илэрсний дараа Бучеон дахь “Coupang” цахим худалдааны компанийн хүргэлтийн төвд халдвар голомтлон тархсан юм. Ням гаргийн үдийн байдлаар, хүргэлтийн төвтэй холбоотой халдварын 111 тохиолдол, Итаевоны голомттой холбоотой халдварын 270 тохиолдол тус тус бүртгэгджээ.
БНСУ-д бямба гарагт халдварын улмаас нэг хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 270 болсон бол нийт 10405 хүн эдгэрчээ. Мөн 793 хүн эмчлүүлж байна. Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор эрх баригчид хүн ам шигүү суурьшдаг Сөүл болон тус хотын эргэн тойрны бүс нутгийн оршин суугчдад зургадугаар сарын 14 хүртэл зайнаас харилцах хатуу дүрмийг баримтлахыг уриалсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.