Хятад улс жижиг, дунд үйлдвэрүүдэд олгосон зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулна

Хятад улс жижиг, дунд үйлдвэрүүдэд олгосон зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулна

 “Хятад улс жижиг, дунд үйлдвэрүүдэд олгосон зээлийн үндсэн төлбөрийн болон хүүгийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж, жижиг аж ахуйн нэгжүүдэд үзүүлж буй зээлийн дэмжлэгийг нэмэгдүүлэх болон аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаа явуулах, ажлын байрыг хадгалахад зориулсан санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх” арга хэмжээ авах болсноо зарлалаа.

            Засгийн газрын тайланд тусгагдсан аж ахуйн нэгжүүдийн тогтвортой ажиллагааг дэмжихэд зориулсан санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагын дагуу санхүүжилтийн шууд хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр болсон байна.

            Тодруулбал, тус улсын Банк, даатгалын хамтарсан хяналтын хороо, Сангийн яам, Хөгжил шинэчлэлийн хороо, Аж үйлдвэр мэдээллийн технологийн яам хамтран “Зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх хугацааг хойшлуулах мэдэгдэл”, “Зээлийн дэмжлэг үзүүлэх мэдэгдэл”-ийг өчигдөр буюу 1-ний өдөр гаргасан талаар Ардын банкны цахим хуудаст мэдээлжээ.

            Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр, жижиг, дунд үйлдвэрүүдэд олгох банк санхүүгийн байгууллагын зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөх, тэдгээрийн санхүү, мөнгөний урсгалын тогтвортой байдлыг хадгалж, зээлээс хүртэх хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн ерөнхий зардлыг бууруулах зэрэг ач тустай хэмээн үзэж байгаа аж.     

“Зээлийн үндсэн төлбөр болон хүүг төлөх хугацааг хойшлуулах мэдэгдэл”-д зааснаар, энэ оны сүүлчээс өмнө хугацаа нь дуусаж буй энгийн зээл, зээлийн хүү хамаарах юм. Банк, санхүүгийн байгууллагууд аж ахуйн нэгжээс гаргасан өргөдлийн дагуу эргэн төлөлтийг хойшлуулах бөгөөд хамгийн цаад талын хугацаа нь 2021 оны 3-р сарын 31-ний өдөр байх ажээ. Мөн энэ алданги тооцохгүй байхаар заасан байна.

Мөн энэ оны сүүлээс өмнө хугацаа нь дуусаж буй бусад аж ахуйн нэгжийн болон томоохон хэмжээний олон улсын үйлдвэрлэлийн гинжин хэлхээний /гадаад худалдааны/ онцгой хүндрэл бэрхшээл тулгарсан аж ахуйн нэгжүүдийн зээлийг ч талуудын хэлэлцээний үндсэн дээр мөн хойшлуулах боломжтой болж байна.   

“Зээлийн дэмжлэг үзүүлэх мэдэгдэл”-д зааснаар, 2020 оны 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн Хятадын Ардын банк мөнгөний бодлогын шинэ хэлбэрүүдийг ашиглан 400 тэрбум юанийн хөрөнгө гаргаж, 2020 оны 3-р сарын 1-нээс энэ оныг дуустал хугацаанд шинээр жижиг, дунд үйлдвэрүүдэд олгогдсон энгийн зээлний 40 хувийг худалдан авч, банкнаас жижиг дунд үйлдвэрүүдэд үзүүлэх зээлийн дэмжлэгийг нэмэгдүүлэх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.