Газрын зөвшөөрлөө буруу ашигласан ААН-ийн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгоно
Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээвэр хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын баг нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх үүднээс газар дээр нь хянан ажиллаж байна.
Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт газрын зөвшөөрлөө буруу ашигласан, эрсдэлтэй орчин бий болгож буй нийт 89 байршил байна. Үүнээс одоогийн байдлаар 2 газрын эрхийг цуцалж, хүчингүй болгожээ. Иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй газрын эрхийг нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгож, оронд нь ногоон байгууламж, хүүхдийн талбай, авто зогсоол барих аж.
"Хуулийн хүрээнд хийсэн, стандартын шаардлагыг хангасан газруудыг бид оролдохгүй. Үүнийг мэргэжилтнүүд иргэд, ААН-үүдтэй уулзахдаа сайн тайлбарлах хэрэгтэй. Нийслэлийн орон сууцны хорооллын иргэд орц, гарц байхгүй, ногоон байгууламжгүй нэг үгээр хэлбэл баахан цементийн дунд л амьдарч байна. Үүнд бид анхаарч ажиллана" гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээвэр хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх онцоллоо.
Ажлын багт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд багжээ.
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт тус дүүрэгт буулгахаар болсон 32 гражийн газарт ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн ажлыг яаралтай хийхийг үүрэг болгов. Улмаар газрыг чөлөөлж дуусахад дараагийн тохижилтийн ажлыг хийж эхлэхийг мэдэгдлээ.
НМХГ-аас мэдээлэхдээ, "Маргаантай байсан "Сити боулинг" компанийн газрын тухайд энд далангийн суваг шугамыг хийж байна. Тус компани зураг төслөө батлуулаад явж байна. Газрын зөвшөөрлийг тухайн үед хэрхэн олгосон талаар албан бичгийг холбогдох байгуулагад хүргүүлж, эрхийг цуцлах ажил хийж байна" гэж мэдэгдэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.