Ши Жиньпин Японд 11 дүгээр сараас хойш айлчилна
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Япон улсад хийх төрийн айлчлал 11 дүгээр сараас хойш болно гэж тус улсын Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги дипломат хуваарийг иш татан уламжилжээ. Ши Жиньпин Японд энэ хавар айлчлахаар төлөвлөж байсан боловч коронавирусний цар тахлын улмаас хойшилсон юм.
Т.Мотэги айлчлалын хугацааны талаар мэдээлэхдээ, “Их 7”-гийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтаас хойш болно гэдэг нь тодорхой байна гэжээ. “Их 7”-гийн уулзалт есдүгээр сард болох юм. Мөн уг айлчлал 11 дүгээр сард зохион байгуулахаар товлосон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа болох төлөвтэй байгааг тэрбээр тэмдэглэсэн байна.
Япон, Хятад нь “Их 20”-гийн бүрэлдэхүүнд багтдаг бол “Их 7” нь Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ-аас бүрддэг юм.
Ши Жиньпин сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Японд хүндэт зочны хувиар айлчилсан Хятадын анхны дарга болох бөгөөд тэрбээр эзэн хаан Нарүхито, Ерөнхий сайд Абэ Шинзо нартай уулзана.
Т.Мотэги БНХАУ-ын даргын айлчлалын бэлтгэлийг сайтар хангаж, энэхүү айлчлалаар хоёр оронд харилцан ашигтай үр дүнд хүрэх нөхцөлийг бүрдүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ. Харин зарим хууль тогтоогч Хонконгт хяналтаа чангатгахыг эрмэлзэж буй Хятадын байр суурийг иш татаж, уг айлчлалыг цуцлах талаар тунгаан бодохыг Ерөнхий сайддаа уриалж байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.