Б.Ууганбаяр: Гэрийн тусгаарлалтад байгаа 94 хүнд гэнэтийн шалгалт хийхэд 11 хүн гэртээ байсангүй
УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр тусгаарлалттай холбоотой асуудлаар албаны хүмүүс мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 22 байршилд 1309 хүн, орон нутагт 9 байршилд 358 хүн, улсын хэмжээнд 1667 хүн тусгаарлалтад байна. Харин Улаанбаатар хотод гэрийн тусгаарлалтад шилжсэн 807 хүн, орон нутагт 96 хүн, нийт 903 хүн байгаа бөгөөд өнөөдөр 213 хүн нэмж гэрийн тусгаарлалтад шилжих аж.
УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр: "УОК-ын шуурхай штабаас энэ сарын 3-нд гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст шөнийн цагаар гэнэтийн шалгалт хийлээ. Энэхүү шалгалтад түүврийн аргаар 94 хүн хамруулахад 11 хүн гэртээ байсангүй, 2 хүний хаяг тодорхойгүй байлаа. Эдгээр зөрчилд хуулийн хүрээнд хариуцлага тооцно.
Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийг засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах нэг удаагийн хуулиар иргэний хүлээж буй үүрэгтэй холбоотой заалтыг товчхон танилцуулъя:
1. Эрх бүхий байгууллагаас гаргасан хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хуваарилалтын дэглэм, журам, заавар, шаардлага, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлнэ.
2. Өөрийн эрүүл мэндийн байдал, аяллын түүхийн талаар болон халдвар судалд шаардлагатай мэдээллийг үнэн зөв өгнө.
3. Мэргэжлийн байгууллагын шаардлагын дагуу үзлэг шинжилгээнд заавал хамрагдана.
4. Цар тахлын халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдол өөрийгөө тусгаарлан эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэнэ.
5. Албан байгууллага, олон нийтийн газарт амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, өдөр тутмын эрүүл ахуйн шаардлагыг хангах.
6. Цар тахлын халдварын үед тусгаарлах, ажиглах журмыг чанд сахих.
7. Халдварын голомттой улсаас ирсэн эсвэл халдвар авсан байж болзошгүй бол эрх бүхий байгууллагаас тогтоосон нөхцөл, хугацаанд тусгаарлалтын дэглэмд байна.
8. Татан авалт, тусгаарлалт, үйлчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэгт гарах зайлшгүй зардлыг төлнө.
9. Эрх бүхий байгууллагын шийдвэрийг зөрчсөний улмаас гарсан зардлыг хариуцна.
Бусад үүрэг:
Цар тахал, түүнээс урьдчилан сэргийлэх, нийгэм эдийг засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлж, худал мэдээлэл түгээхийг хориглоно. Эдгээр заалтыг зөрчсөн иргэдэд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар хариуцлага тооцно гэдгийг анхааруулж байна" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.