Дэлхийн хэмжээнд коронавирусээр халдварласан 3.2 сая хүн эдгэрчээ

Дэлхийн хэмжээнд коронавирусээр халдварласан 3.2 сая хүн эдгэрчээ

Шинэ коронавирусний халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт бүртгэгдсэнээс 7 сая 81 мянган хүн өвчилж, 405 мянган хүн нас баржээ.

Тус өвчнөөр зургаан сая  хүн өвчилсөн гэж найм хоногийн өмнө мэдээлж байсан бол, өнөөдрийн байдлаар өвчлөл нэг саяар нэмэгдсэн гэдгийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.

Ялангуяа АНУ, Пакистан, Энэтхэг, Өмнөд Африк, Ойрх Дорнод, Зүүн Өмнөд Азийн орнуудад коронавирусний халдвар эрчтэй тархаж байна.  Одоогийн байдлаар 3.2 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 3.1 сая хүн уг өвчний улмаас эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн дотор 112 хүн шинээр халдварлаж 3000 гаруй хүн нас баржээ. Энэ нь өвчлөл өмнөх өдрийнхөөс 4000 мянга, нас баралт 1000 гаруй тохиолдлоор буурчээ.

ОХУ-д сүүлийн 24 цагийн байдлаар 8984 хүн шинээр халдварлаж Буриад, Эрхүү, Тува, Читад өвчлөл нэмэгдсэн хэвээр байна. Иймээс эдгээр хоттой хил залгадаг манай улсын аймгуудын иргэдийг сонор сэрэмжтэй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа.  

Манай улсын хувьд одоогоор 1224 хүн ажиглалтад байна. Нэг хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжжээ. Орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд Төмөр замын төв эмнэлгийн 10 эмч мэргэжилтэн ажиллаж, 1622 хүнд коронавирусний тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.