Гал түймрийн хохирол хэдэн ТЭРБУМААР хэмжигдэхээр байна
Өнгөрөгч ням гарагт Улсын их дэлгүүрт гал гарсантай холбогдуулан тус газрыг зорин очиход дэлгүүрийг бүрэн хамгаалалтад авч, урд талын автомашины замын хөдөлгөөнийг хаасан байлаа.
Зургаа болон долоодугаар давхар бүхэлдээ шатсан байдалтай харлаж, хэншүү хярвас үнэртэж, зарим цонхнууд хага үсэрчээ. Өглөө найман цагаас эхэлж Нийслэлийн цагдаагийн газар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, галын байцаагч, шинжээчид хэргийн газарт үзлэг хийж эхэлжээ. Гаднын хүн дотогш орохыг эрс хориглож, мэдээлэл өгөх боломжгүй байгаа бөгөөд гал гарсан шалтгаан наад зах нь 14 хоногийн дараа гарах аж. “Улсын их дэлгүүрт гал гарлаа” гэсэн дуудлага зургаадугаар сарын 7-ны өдрийн 16 цаг 48 минутад Онцгой байдлын газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвд иржээ. Чингэлтэй дүүргийн гал унтраах аврах 10 дугаар анги дуудлагын газар дээр очиход Улсын их дэлгүүрийн зургаадугаар давхраас эхэлж шатаж байсан тул нэмэлт хүч дууджээ. Тус галыг нийт найман ангийн 96 албан хаагч таван цагийн турш ажиллаж унтраасан юм. Гал түймэрт өртсөн эд зүйлийн хохирлын хэмжээг одоогийн байдлаар үнэлэх боломжгүй, хэдэн тэрбумаар хэмжигдэхээр байгаа ажээ.
Их дэлгүүрт гал унтраах орчин үеийн тоног төхөөрөмж суулгаагүй
Гал гарсны маргааш өглөө нь их дэлгүүрийн зүүн талд тус төвд ажилладаг, түрээсэлдэг ажилчин, албан хаагчид урт дараалал үүсгэж, орон сууцны байрыг ороож, бөөнөөрөө цугларчээ. Түрээслэгчдийг оруулж, бараа бүтээгдэхүүнийг лацдах ажиллагаа явуулж байлаа. Тэднийг нэг нэгээр нь дуудаж иргэний үнэмлэх, ажлын үнэмлэхийг нь шалгаж, цүнх болон эд зүйлийг нь үлдээн оруулна. Эдгээр иргэд ихэвчлэн нэг давхрын худалдаа эрхлэгчид бөгөөд хамгийн эхэнд “Номин” их дэлгүүрийн ажилчид болон нягтлангуудыг оруулж байлаа. Худалдаа эрхлэгчид “Эхлээд нэгээс гуравдугаар давхрын худалдаа эрхлэгчдийг оруулна гэсэн. Энэ ажил бүтэн өдөр үргэлжлэх юм шиг байна. Мэдээлэл сонсох нь ээ зургаа, долоодугаар давхар тэр чигтээ шатсан. Зургаадугаар давхарт бэлэг дурсгал, эртний эдлэл, үнэт эдлэл, уран зураг, ноолууран бүтээгдэхүүн, соёлын зүйлс, номын дэлгүүр гээд л олон тасаг бий.” гэж халаглан хэллээ. Улсын их дэлгүүрийн төв хаалганы урд барилгын хог хаягдлыг овоолжээ. Нийслэлийн өнгө үзэмжийг чимж байдаг гадаадын зорин ирдэг, монголчуудын үйлчлүүлэх дуртай ихэмсэг, гоёмсог дэлгүүрийн үүдэн хэсэгт тоосгоны хэлтэрхий, шавар, шилний хагархай хөглөрнө.
НОБГ-ийн гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан "Тус дэлгүүрийн галын аюулгүй байдлыг Онцгой байдлын газраас өнгөрөгч оны хавар, намар хоёр удаа шалгахад цахилгааны аюулгүй байдал, орц гарц, авралтын зам, ресторануудыг ашигладаг газ гээд хэд хэдэн зөрчил илрүүлж албан шаардлага тавихад биелэлт нь 70 орчим хувьтай, зөрчлөө бүрэн арилгаагүй байсан. Өндөр барилга нь зориулалтын нөөц усан сан, дотуур усан хангамж, галын дохиолол, автомат гал унтраах системээр хангагдсан байх ёстой. Нийслэлийн хэмжээнд 178 гүнийн шугам дээр байрласан гал унтраахад ашиглах боломжтой галын мембрант байдгаас 74 нь ашиглах боломжгүй байдаг. Чингэлтэй дүүрэгт галын найман мембрант байдаг бөгөөд Улсын их дэлгүүрийн орчимд галын мембрант байгаагүй. Гэхдээ тус гал түймрийн үеэр усны дутагдал гараагүй" гэлээ. Их дэлгүүр нь гал унтраах орчин үеийн тоног төхөөрөмж суулгаагүй бөгөөд галын хор, дотуур усан хангамж, галын дохиололтой боловч нэгэнт дэлгэрсэн гал дээр галын хорыг ашиглах боломжгүй. “Гал унтраагчид их дэлгүүрийн дотуур усан хангамжийг зарим хэсэгт ашигласан боловч усны шахах даралт муу байсан. Галын тархалтыг 17 цаг 40 минутад зогсоож, 21 цаг 30 минутад бүрэн унтрааж хүлээлгэн өгсөн” гэж нэмж мэдээллээ.
БАРИЛГЫН ӨРГӨТГӨЛ ШАТАХ МАТЕРИАЛ ИХТЭЙ БАЙСНААС ГАЛ ДААМЖИРЧЭЭ
Улсын их дэлгүүрийн үндсэн барилга нь таван давхар бөгөөд дээр нь давхарлаж барьсан зургаа, долоодугаар давхар нь өргөтгөл бөгөөд хуучин барилгаа бодвол шатах материалын орц ихтэй байсан нь гал богино хугацаанд даамжрах шалтгаан болжээ. Зургаадугаар давхар бүхэлдээ шатаж, тавдугаар давхрын хойд хэсэг тодорхой хэмжээнд галд өртсөн бол доод давхруудад гал ороогүй. Утаа тортог нь нэгдүгээр давхар хүртэл бүрхэж, барилгын зургаадугаар давхрын төмөр карказ гудайж, ашиглах боломжгүй болсон аж. Нийслэлийн хэмжээнд өндөр барилгад гарсан галыг унтраахад зориулагдсан автомеханик шат Чингэлтэй дүүргийн 10 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар анги, Баянзүрх дүүргийн 63 дугаар анги гээд гурван аврах ангид байдаг. Энэ автомеханик шат нь 30-35 метр сунадаг бөгөөд есөөс 12 давхар хүртэл сунах боломжтой юм. Галыг унтраахад 5-10 тонны усны нөөцтэй 27 автомашин, гал унтраах хөөс, сунадаг автомеханик шат ашигласан бөгөөд Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Төмөр замын гал унтраах анги, “Сүү” хувьцаат компани өөрсдийн машинаараа ус зөөж дэмжлэг үзүүлсэн. Онцгой байдлын гал унтраах хэлтэст гал унтраах зориулалттай нисдэг тэрэг нэн шаардлагатай байгаа нь энэ удаагийн хэргээс харагдаж байлаа. Энэ жилдээ багтаж Франц улсын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр гал унтраах зориулалтын нисдэг тэрэгтэй болох зорилго тавьж байгаа талаар Д.Мөнхсайхан хурандаа хэлсэн юм. Их дэлгүүрийн гал түймрийн шалтгаан болон хохирлын талаарх мэдээллийг дараа дараагийн сурвалжилгаараа хүргэх болно
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.