Москвад өөрийгөө тусгаарлах дэглэмийг цуцалжээ
ОХУ-ын нийслэл Москва хотын дарга Сергей Собянин тус хотод коронавирусний цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтыг цаашид сулруулахаа мэдэгдэв. Оросын нийслэл хотод өөрийгөө тусгаарлах дэглэмийг өнөөдрөөс эхлэн цуцалж байна.
"Маргааш буюу 2020 оны зургадугаар сарын 9-ний мягмар гаргаас эхлэн өөрийгөө тусгаарлах, нэвтрэх журмыг цуцална. Эдгээрийн хамт явган явах хуваарь мөн цуцлагдана" гэж Собянин даваа гарагт мэдэгджээ.
Тэрбээр нийслэл хотын ихэнх байгууллагууд үе шаттайгаар ажилдаа эргэж орох боломжтой болох хуваарийг баталсныг мэдээлсэн байна. Үүний дараа Собянин хязгаарлалтыг үе шаттайгаар цуцлах тухай тогтоолд гарын үсэг зурав.
Хязгаарлалтыг гурван үе шаттайгаар цуцална
Зургадугаар сарын 9-нөөс эхлэн Москва хотын үсчин, гоо сайхны газрууд, гэрэл зургийн студи, мал эмнэлгүүд болон хөдөлмөр эрхлэлтийн байгууллагууд үйл ажиллагаагаа сэргээнэ. Түүнчлэн суудлын автомашин түрээслүүлэх үйлчилгээ болон оршуулгын газруудад очиход тавьсан хязгаарлалтыг цуцална.
Ресторан, кафег хоёр үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна. Зургадугаар сарын 16-наас эхлэн шүдний эмнэлгүүдийн үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалтыг цуцлахаас гадна, номын сан, үл хөдлөх хөрөнгийн газар, түрээсийн үйлчилгээ, зар сурталчилгаа, зөвлөх үйлчилгээ зэрэг иргэд, аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлдэг бусад байгууллагуудыг ажлаа үргэлжлүүлэхийг зөвшөөрнө.
“Түүнчлэн музей, үзэсгэлэнгийн танхим, амьтны хүрээлэнгүүд үүдээ нээнэ. Эдгээр газруудад та бүхэн цахим тасалбараар зочилж болно. Спортын арга хэмжээнд оролцохыг зөвшөөрөх боловч одоохондоо үзэгчдийн суудлын 10-аас илүүгүй хувийг дүүргэсэн нөхцөлд зөвшөөрнө” гэж Собянин мэдээлэв.
Зургадугаар сарын 23-нд хүүхдийн болон спортын талбай, фитнесс клуб, усан бассейн, биеийн тамир-чийрэгжүүлэлтийн цогцолборууд нээгдэнэ. Түүнчлэн цэцэрлэгийн үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалтыг цуцалж, Москва голоор аялуулах үйлчилгээг сэргээнэ.
Зургадугаар сарын 24-нд Москва хотын Улаан талбайд Ялалтын баярын парад болох бол долдугаар сарын 1-нд ОХУ-ын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлаарх бүх нийтийн санал асуулга болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.