Япон, Их Британи худалдааны хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцжээ
Япон, Их Британи хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах тухай хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцжээ. Уг баримт бичгийг ирэх оны эхнээс хэрэгжүүлэхийг зорьж байгаа ажээ.
Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги Их Британийн Олон улсын худалдааны сайд Лиз Трусс нар мягмар гарагт цахимаар хэлэлцэж, энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Их Британи Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс өнгөрсөн нэгдүгээрт сард гарсан юм. Одоогийн байдлаар Япон ЕХ-той байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт тулгуурлан Их Британитай худалдаа хийж байна. Гэвч Их Британийн ЕХ-ноос гарах шилжилтийн үе энэ оны эцсээр дууссаны дараа хөнгөлөлттэй тариф болон бусад арга хэмжээ хүчингүй болох юм.
Т.Мотэги, Л.Трусс нар хоёр талын худалдааны хэлэлцээрийг байгуулахад хүчин чармайлт гаргахын зэрэгцээ бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ.
Японы Засгийн газар худалдааны хэлэлцээг ЕХ-той байгуулсан хэлэлцээрт үндэслэн явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ирэх оны эхээр хэрэгжүүлж эхлэхийг зорьж байна.
Мягмар гаргийн хэлэлцээнээс өмнө Л.Труссын гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Япон улстай байгуулах худалдааны хэлэлцээр нь Их Британийг Номхон далай дамнасан иж бүрэн, дэвшилтэд хэлэлцээрт нэгдэхэд түлхэц болох ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.