Хятадад зөвхөн зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдол бүртгэгджээ
Өнгөрсөн өдрийн байдлаар БНХАУ-д коронавирусний халдварын гурван шинэ тохиолдол, шинж тэмдэггүй таван тээгч илэрч, зургаан хүн эдгэрсэн бол нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээллээ.
Шинэ тохиолдлууд бүгд зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд хоёр нь Өвөр Монголын Өөртөө Засах Оронд нэг нь Тяньжин хотод бүртгэгдсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш эх газрын Хятадад коронавирусний халдварын 83046 тохиолдол илэрч, 78357 хүн эдгэрсэн бол 4634 хүн нас баржээ. Одоогийн байдлаар коронавирусний халдвартай 55 хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Гаднаас нийтдээ 1786 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс 1732 хүн эдгэрчээ.
БНХАУ-ын эрх баригчид дөрөвдүгээр сарын 1-нээс халдварын шинж тэмдэггүй өвчлөлийн талаар мэдээлж эхэлсэн билээ. Өнгөрсөн 24 цагийн байдлаар ийм таван тохиолдол илэрсэн бөгөөд бүгд гаднаас орж ирсэн байна. Одоогийн байдлаар шинж тэмдэггүй 155 тээгч эмнэлгийн хяналтад байгаа аж.
Тус улсын засаг захиргааны онцгой бүс Хонконгт цар тахал дэгдсэнээс хойш 1107 хүн коронавирусээр халдварлаж, дөрвөн хүн нас барсан бол 1050 хүн эдгэрчээ. Макаод 45 хүн халдвар авсан бөгөөд бүгд эдгэрч эмнэлгээс гарсан байна. Тайваньд халдварын 443 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас барж, 431 хүн эдгэрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.