Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-аас анхааруулж байна
БНСУ-д коронавирусний халдвар эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотой халдварын голомт хот, муж, дүүрэгт аль болох зорчихоос зайлсхийх, онцын шаардлагагүй бол эмнэлгийн байгууллагаар явахгүй байхыг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-аас анхааруулаа.
БНСУ-д эмчлүүлж буй манай улсын 1 иргэн коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд өвчтөнийг тусгаарлаж, эмчлүүлж байна. Мөн түүний гэр бүлийн гишүүдийг тусгаарлаж, холбогдох байгууллагуудаас тухай бүр мэдээлэл авч байгааг ЭСЯ-аас мэдээллээ.
Иргэдийг БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагаас өгч буй дараах зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа чанд мөрдөж өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүсээ вирусний халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө:
- Олон нийтийн газар, эмнэлгээр аль болох явахгүй байх, явах тохиолдолд амны хаалт зүүх;
- Онц шаардлагагүй бол эмнэлгээр явахгүй байх, амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих;
- Амны хаалт /маск/тогтмол зүүх;
- Гараа урсгал ус, савангаар 30 секундаас дээш сайн угаах;
- Гар халдваргүйжүүлэгч байнга хэрэглэх;
- Бохир гараар нүүр, нүд, ам, хамарт хүрэхгүй байх;
- Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж байх;
- Түүхий ногоо, хүнсийг бүрэн боловсруулж хэрэглэх;
- Шувуу зэрэг ан амьтнаас хол байх.
Хэрэв халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 (24 цагаар ажиллаж буй), Цагаачлалын албаны 1345 (09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө) тусгай дугааруудад холбогдож, ойролцоох эмнэлгийн байгууллагад хандаарай. БНСУ дах нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн www.ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээлэл авах боломжтой.
Иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, өвчний тархалтын нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны “Embassy of Mongolia in Seoul” фейсбүүк хуудас, www.mongolembassy.com цахим хуудаснаас мэдээлэл авах, мөн ШУУРХАЙ УТАС 010-8205-3464, (02)798-3464 утсаар холбогдож санал, хүсэлтээ гаргах, мэдээлэл авахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.