ЖАГСААЛ: Бид ахмадууддаа 3 сая төгрөгийг нь авч өгнө

ЖАГСААЛ: Бид ахмадууддаа 3 сая төгрөгийг нь авч өгнө

Шударга иргэдийн нэгдсэн нам /ШИНЭН/-аас зохион байгуулж буй Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна.

Жагсаалын үеэр УИХ-ын гишүүн, ШИНЭН-ын дарга Ж.Батзандан "Бид баялгийн тэгш хуваарилалтыг дэмжиж байна. Зээл авсан ахмадуудад чихэр, зээл аваагүй ахмадуудад чихрийн цаас өгч болохгүй. Салхитын мөнгөний ордыг барьцаалан босгох 750 тэрбум төгрөгийг зөвхөн тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулах нь иргэдээ ялгаварлан гадуурхсан, Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. ШИНЭ нам үүнийг бүх ахмадад тэгш хүртээх нь зүйтэй гэж үзэж байна. Нэг ахмадад гурван сая төгрөг олгох боломжтой" гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Л.Болд “Биднийг цуглаан зохион байгуулахад албан ёсны зөвшөөрөл өгөхгүй байгаа. Ирэх долоо хоногт бид албан ёсны зөвшөөрлөө авч байгаад бүх нийтийн цуглаан, бүх нийтийн ажил хаялтыг зохион байгуулна. Бид ахмадууддаа 3 сая төгрөгийг нь авч өгнө. Эрх чөлөөтэй иргэд маань өөрсдөө энд цуглаад байна. Тиймээс бидэнд зөвшөөрөл хэрэггүй. Бид ирэх долоо хоногт өдөр болгон 11:00 цагаас Сүхбаатарын талбай дээр жагсаал хийж, иргэдийн гарын үсгийг цуглуулна. Хэрэв өнөөдөр хууль батлагдвал Ерөнхийлөгчийг хориг тавихыг шаардана” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.