Тэтгэврийн насныханд 2.5-3 сая төгрөгийг жигд олго

Тэтгэврийн насныханд 2.5-3 сая төгрөгийг жигд олго

Зээлдэгчдийн холбооноос өнөөдөр /2020.01.10/ УИХ-аар батлахаар яарч буй Тэтгэврийн зээлийг нэг удаадаа тэглэх тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго  "Нийт 421 мянган ахмад тэтгэвэр авдаг. Үүний 54.4 хувь нь буюу  229.4 мянган ахмад 763 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Ахмадын зээлийг тэглэх тухай шийдвэрийг манай холбоо дэмжиж байна. Гэхдээ тус шийдвэр ахмадыг алагчилж байна. Үндсэн хуульд заасан байгалийн баялгийг тэгш хүртээх зарчмыг зөрчиж байна” гэсэн юм.

Түүнчлэн зээлийг тэглэх асуудлын ард 763 тэрбум төгрөгийн зээлийн 95 хувийг олгосон ХААН болон Төрийн банкинд хуримтлал үүсгэж, улмаар хоёр банкийг өөрсдөдөө хувьчлах гэсэн эрх баригчдын гэмт үйлдэл гэж хардаж байгаагаа ч ахмадууд илэрхийлсэн юм.

Мөн зээлтэй, зээлгүй гэж алагчлалгүй тэтгэвэр авч буй иргэн бүрт 2.5-3 сая төгрөгийг хуваарилах шаардлагатай гэж үзэж байгаа аж. Мөн цаашид тэтгэврийн зээлийг олгохгүй байх талаар хуулийн төсөлд тусгасан байгаа нь маш буруу шийдвэр гэж байлаа.

Тиймээс өнөөдөр Сүхбаатарын талбайд болох шударга хуваарилалтын төлөөх цуглаанд оролцоно гэдгээ мэдэгдсэн юм. Хэвлэлийн хурлыг Үндэсний мэдээллийн төвд хийв.

Арванхоёрдугаар сарын 1-10-нд олгосон 100 тэрбумын зээлийг шалгах хэрэгтэй

Тэтгэврийн насны иргэдийн төлөөлөл мөн өнөөдөр /2020.01.10/ сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Баянзүрх дүүргийн ахмад настан Ч.Дүүриймаа “Би зээлтэй, манай өвгөн ч бас зээлтэй. Тэтгэврийн зээлийг баргийн хүнд өгчихдөггүй. Гурван сая төгрөгийн тэтгэврийн зээл авахын тулд батлан даагчаа дагуулж, маш их чиргэдэл болон барин зээл авдаг. Гэтэл тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гарахаас өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 1-10-нд 10 мянган ахмад настан 100 мянган тэрбумын зээл олгосон байгаа юм. Хэдхэн хоногт ямар ч шалгуургүйгээр олгосон байна. Энэ асуудлыг шалгах хэрэгтэй. Би өөрөө энэ чиглэлээр ажиллаж байсан болохоор зээлийг яаж олгодог, ямар шалгуур тавьдгийг мэднэ” гэсэн юм.

Мөн ахмад настнууд “Тэтгэврийн мөнгөө сарын хэрэглээндээ арайхийн хүргэдэг. Гэтэл зээлтэй иргэдийн зээлийг тэглээд, зээлгүй иргэдэд ваучир олгоно гэж хуурч байна. Амьдрал мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүсийн шийдвэр” гээд энэ байдлыг эсэргүүцэн Сүхбаатарын талбайд болох жагсаалд оролцоно гэдгээ мөн мэдэгдсэн юм. Түүнчлэн хөл гайгүйтэй нь алхаад, хөл муутай нь мөлхөөд ч болтугай энэ шударга бус шийдвэрийн төлөө тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн юм.

ЭХ сурвалж: news.mn

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.