Л.Цог: Улс төрийн хүчнүүдээс болж Үндсэн хууль гажуудсан
Өдгөөгөөс 28 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурал шинэ ардчилсан Үндсэн хуулийг баталж байлаа. Тус үйл явдлын ойг угтан Улсын Бага Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүйн сайд, УИХ-ын дэд дарга асан Логийн Цогтой ярилцлаа.
-Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 28 жилийн ой ирэх даваа гарагт тохиож байна. Энэ хуулийг батлахад гар бие оролцсон хүний хувьд шинэ Үндсэн хуулийн хэрэгжилтийн талаар ямар бодолтой явдаг вэ. Нийгмийн том зөвшилцөл болсон гэдэг шүү дээ?
-Зөвшилцөнө гэдэг хуйвалдах, буруу юм хийхийн нэр байж болохгүй л дээ. Одоо бол тэгэх гээд байдаг болчихож. Тухайн үед бол ёстой хайр найргүй, шударга л үзэлцсэн. Хүн болгон өөрийнхөө нүдээр харсан. Тэгээд яг зангидаж байгаа баг нь өөрөө үнэхээр чамбай байсан. Б.Чимид гуай үнэхээр ноён нуруу болж байлаа. Монголын түүхэнд байсан дөрөв дэх Үндсэн хуулийг баталсны 28 жилийн ойг хэд хоногийн дараа тэмдэглэх гэж байна. Тэр үед нийгмийн харилцааг их сайн зангидах эрх зүйг бий болгосон. Энэ бидэнд юмыг ингэж хийдэг юм гэсэн том эерэг туршлага болж үлдэх ёстой. Логикийн алдаа хий бага гаргасан хууль болсон. Харин ойлгохгүйн зовлон бидэнд их байна.
Хамгийн гол нь суурь зарчмуудыг цааш нь хөгжүүлэхдээ түүнд нийцэж гарах ёстой эрх зүйн актууд дотор Үндсэн хууль зөрчсөн юм ордог практик Монголд олон байлаа. Өнөөдөр ч байж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульдаа нийцээгүй эрхзүйн акт, хууль гаргадаг, төрийн бодлого явуулдаг. Энэ өнгөрсөн цаг хугацааг бүхэлд нь авч үзвэл Үндсэн хуулийг яаж зөрчиж болдгийг харуулсан үе байсан гэж би дотроо бодож явдаг. Монголын нийгмийн суурь багана болсон, эрх зүйн хамгийн том бичиг баримтыг хэрхэн мөрдөхөөс нийгмийн хөгжил, Монголын эдийн засаг, улс төр, оюун санааны бүх юм харагдах ёстой шүү дээ. Одоо бидний яриад байдаг нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлийн хамгийн гол шалтгаан нь Үндсэн хуулиа сахиж мөрдөөгүй, ягштал хэвшүүлээгүйгээс болсон гэж хэлэх бүрэн үндэстэй. Үндсэн хуулийг гуйвуулах асуудал их гарлаа. Өөрийнхөөрөө эсвэл өөртөө ашигтайгаар тайлбарладаг улс төрийн хүчнүүдийн шулуухан хэлбэл увайгүй үйл ажиллагаанаас болж Үндсэн хууль гажуудсан юм анзаарагддаг.
-Үндсэн хууль батлалцаж явсан зарим хүн үүнийг ярьдаг л даа. Бусад органик хуулиудын алдаанаас болоод Үндсэн хууль бүх зүйлийн буруутан юм шиг болсон гэж?
-Өөрийн чинь хэлж байгаатай 100 хувь санал нэг байна. Үндсэн хууль буруутай гэхээсээ илүү энэ хуулийг гуйвуулсан, зөрчсөн, сахиж биелүүлэхгүй байгаа улс төрийн хүчин, төр засгийн эрх мэдэлд хүрсэн хүмүүсийн тухай ярих ёстой. Ингэхгүй бол бидний ойлголт гажуудаад явчихна. Эцсийн утгаараа бол энэ алдаа Үндсэн хуулийг сахиж мөрдөх ёстой төрийнхөө тэргүүнээс эхлээд бүх шатны төрийнхөнтэй холбоотой гэж хэлж болно.
-Та өөрөө УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан, төрийн өндөр алба хашиж байсан хүн шүү дээ. Тэгэхээр Үндсэн хуулийг гажуудуулсан гэж үзэж байгаа зүйлээсээ хэлж өгөхгүй юу?
-Маш олон зүйл хэлэх болно шүү дээ.
-Наад зах нь?
-Үгүй дээ, гэхэд л уул уурхайн стратегийн ордуудын өгөөжийг монголын ард түмний өмнөөс төр нь захиран зарцуулж иргэддээ үр ашгаас нь хүртээх ёстой. Үүнийг бид зориуд гуйвуулж, харалган хандаж ирлээ л дээ. Ухаан нь, Үндсэн хуульд зааснаар бол байгалийн баялаг тэр чигээрээ ард түмний мэдэлд байх ёстой. Яагаад гэвэл хэн нэгэн хүн үүнийг бий болгоогүй. Ийм учраас үүний ашиг, шимийг нь нийтээрээ хүртэх ийм эрх зүйн үндсийг Үндсэн хуулиараа тавьсан юм. Гэтэл Үндсэн хуулийн дараа гарсан Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуулиар гуйвуулсаар байгаад ерөөсөө хэдхэн мөнгөтэй хүн, гадаад дотоодынхон нийлж хувааж авдаг практик тогтчихсон.
-Дагаад улс төрд “30 гэр бүл”, “Нүүрсчдийн нам” гэсэн нэршил үүсээд л?
-Үүнээс улбаатай олон зүйл гарч ирснийг ярьж болно. Хоёрдугаарт, эрүүл мэнд, боловсролын асуудал байна. Энэ бол улс орны хөгжил дэвшилтэй холбоотой салбарууд юм. Гэтэл үүнийгээ бизнесийн талбар болгочихлоо. Эрүүл мэндийн секторыг хувийн мэдэлд шилжүүлж байна. Бүх юмыг хувьчилна гэж яваад ийм байдалд орууллаа. Одоо бид либериал онол гэдгээсээ татгалзах ёстой. Бүх юмыг либериалчлана гээд 1990 оноос хойш Монголын нийгмийг байж болох бүх хэлбэрээр задалсан. Нам, шашин гэх мэт. Дээр нь төр хамгийн муу менежер учраас өмчтэй байж болохгүй гэдэг барууныхны элэрч хуучирсан үлгэрийг яриад ийм болгосон. Дараагийн зүйл бол бид хүний эрх гэж яриад байснаас биш хариуцлагыг огт ярьсангүй. Ингэсээр ардчилал гэдгийг дураараа дургих гэсэн өрөөсгөл байдлаар ойлгодог юм руу орлоо. Жаахан шаардлага тавиад шахахаар хүний эрх ярьдаг. Тухайлбал, сая Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор парламент УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Энэ хуульд төрд тавих шаардлагын талаар онцгойлон чухал заалт орлоо гэж харсан. Тэр нь авлига, албан тушаалын гэмт хэргээр шүүхээр шийтгүүлж байсан хүнийг нэр дэвшүүлэхгүй гэдэг заалт л даа. Ийм заалт ороход л өмнө нь ял эдэлчихсэн, шүүхээр орсон хүмүүс хүний эрхтэй холбоод ярьж байгаа байхгүй юу. Санаандгүй хэлж байгаа бол үнэхээр мэдлэггүй, санаатай хэлж байгаа бол гажсан ойлголт шүү дээ. Төрд тавих шаардлагын тухай ярьж байгаа болохоос биш хүний ерөнхий эрхийн тухай огт яриагүй. Ерөнхий эрх гэж бий, түүнийг чинь төрийн эрх ашгийн үүднээс хязгаарлаж бас болдог юм. Үүнийг ойлгох ёстой.
-Төрийн албанд ажилд авахдаа, томилохдоо ийм шалгуур тавих нь зөв байх. Харин сонгуульд нэр дэвшигчид ийм шалгуур тавих нь буруу биш үү. Муу хүн байвал иргэд сонгохгүй л байна биз. Сонгох, сонгогдох эрх гэж байна?
-Тавих ёстой. Заримдаа ард түмэнд шууд тулгасан сонголтгүй сонгууль явуулж байна шүү дээ. Хээл хахуулийн хэргээр шүүхээс ял авч байсан бараг насаар нь ч хорьсон болохоор үл бүтэх хүнийг “Энэ лут амьтан, сонгоорой” гээд тулгачихдаг. Тэгэхээр хязгаарласан шалгуур тавьж цэвэрлэх хэрэгтэй. Ингэхгүй бол цэвэршихгүй. Бид өнөөдөр авлигатай тэмцэх тусам авлига ихэсч байна. Тиймээс ийм заалтаар хорьж өгөх нь зөв байсан. Гэтэл нийгмийн сүлжээгээр их багагүй шүүмжлээд чуулганы танхимд УИХ-ын гишүүд ч төөрсөн юм яриад байгааг хараад их гайхсан. Хүний эрхтэй огтхон ч хамаагүй зүйл шүү дээ. Бид аливаа юмыг ганц нэг талаас нь биш бас нөгөө талаас нь харах ёстой. Төрд янз бүрийн хулгайч, дээрэмчин орж болдог нүх сүв гаргачихаад суугаад байж болохгүй. Үүнийг Үндсэн хуулийн үүднээс ойлгох хэрэгтэй. Үүнийг ярих цаг болсон гэж бодож байна. Энд тэнд явахад ямар ч хүн УИХ-д дэвшиж болмоор юм шиг яриад байгаа байхгүй юу. Тийм биш. Монголын нийгэмд өөрийгөө харуулсан, ул мөр нь цагаан, шударга, хамгийн гол нь мэдлэгтэй, ёс зүйтэй хүн УИХ-д орох ёстой байтал ямар ч хүн болно гэхээр нөгөө хэд л гүйгээд орж байгаа юм.
-Та байгалийн баялгийн асуудал дээр Үндсэн хууль гажуудаад явсан гэж ярилаа. Оны өмнө өнөөгийн парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Түүнд байгалийн баялагтай холбоотой заалтыг нэлээд дэлгэрүүлж “төрийн нийтийн өмч” гэж томьёолсон байна лээ. Тэгэхээр энэ гажуудлыг засах чиглэл рүү явахаар боллоо гэж ойлгоод байгаа?
-Төрийн нийтийн өмч гэдэг томьёолол дээр нэлээд маргаж болно. Нийтийн гэдэг томьёолол буруу гэж бодож байгаа. Яах вэ, энэ нэг талаас хэрэгтэй юм орж байгаа. Яагаад гэвэл ашгүй хувийн өмч гэж хэлсэнгүй. Байгалийн баялаг гэдэг бурхнаас бидэнд заяасан зүйл. Хэн нэгэн хүн бий болгоогүй, аль нэгэн хүний хөрөнгө ороогүй юм чинь тэгшитгэн хувааж олон түмэндээ аятайхан хүртээе гэдэг бол хамгийн зөв алхам. Ухаан нь цөөхөн хүн хойч ирээдүйн баялгийг аваад хязгааргүй баян болох уу, ард түмэн нийтдээ тэгшхэн амьдралаа өөд нь татах уу гэдэг асуудлын зангилаа шүү дээ. Хоёрдугаарт, тэр байгалийн баялгийг чинь одоо эрх мэдэлтэй бүлэглэлүүд хуваагаад авчихаж байна. Үүнийг цэвэрлэх эрх зүйн боломж гэж би харж байгаа.
-Нэгэнт үүнийг ярьсных бусад өөрчлөлтүүдийн талаар ч таны байр суурийг асуумаар байна. Миний ойлгосноор 2000 оны “долоон өөрчлөлт”-ийг засах алхам хийлээ. Давхар дээлийн асуудлыг тодорхой хэмжээнд хязгаарлалаа, Ерөнхий сайдад эрх мэдэл олголоо?
-1999-2000 он дамжиж хийсэн бидний нэрлэдгээр “дордохын долоон өөрчлөлт”-ийг бүхэлд нь буцаагаад сэргээчихсэн бол би их өөдрөг байх байсан.
-Ихэнхийг нь сэргээчихсэн юм биш үү?
-2000 оны өөрчлөлтөөр орсон засах ёстой хамгийн гол заалтын нэг бол УИХ-ын гишүүн нь давхар Засгийн газрынхаа сайд байж болох тухай асуудал. Ийм практик дэлхийд байдаг. Гэхдээ хэдэн зуун хүнтэй парламенттай оронд бол Засгийн газрын гишүүнийг давхар хашихад парламентынх нь нэг хүрэхгүй хувийг эзэлнэ. Харин манайд бол өөр. Ингэж олон жил туршилтын туулай шиг явсан юмыг энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр талыг нь л цэгцэллээ. Энэ утгаараа сэтгэл дундуур яваа гэсэн юм. Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүхэлд нь дүгнэхэд хэрэгтэй зүйл олон орсныг үгүйсгэж болохгүй. Ний нуугүй хэлэх, ойлгох, дэмжих ёстой ийм зүйл шүү. Бас хэт туйлширч болохгүй л дээ.
-2000 оноос хойш Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д дөрвөн удаа өргөн барьсан байдаг. Нийтдээ гурван парламент дамнан хэлэлцэгдээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өөрчлөлт орж байна. Тэгэхээр цаг хугацааны хувьд цаг нь болсон өөрчлөлт болсон болов уу?
-Манай дарга нарын үгэнд сүүлийн 20-иод жил ярьсан юмыг сая хийлээ гэсэн үг яваад байгаа. Энэ бол үнэнд тэр болгон нийцэхгүй гэж бодож байна. УИХ-д ямар нэг төсөл өргөн бариад хэдэн Байнгын хороо хэлэлцээд хойш нь тавьсныг ард түмнээрээ ярьсан, нийгмээрээ хэлэлцсэн мэт ойлгуулж болохгүй. Үүнийг бодох хэрэгтэй.
Харин 2000 оноос хойш “долоон өөрчлөлт”-ийг өөд уруугүй ярьсан гэвэл илүү бодитой шүү. Өнөөдрийн бидний нэг гажиг бол юмыг үнэнээр нь ярихгүй байна. Гашуун ч гэсэн үнэнийг ярихгүй байгаа болохоор дараагийн алхам зөв болохгүй байгаа байхгүй юу.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.