Дотоодын авиа компаниуд тийзийн үнээ 12-50 хувиар бууруулжээ

Дотоодын авиа компаниуд тийзийн үнээ 12-50 хувиар бууруулжээ

Шинэ оны эхэнд Монголын иргэний агаарын тээврийн МИАТ ТӨХК-ийн нислэгийн тийзийн үндсэн үнийг 7 хувиар, улирлын чанартай нислэгийн тарифыг 37 хувиар бууруулсан талаарх мэдээлийг бид өмнө нь хүргэж байсан. Тэгвэл дотоодын авиа компаниуд тийзийн үнээ 12-50 хүртэлх хувиар бууруулжээ.

Монгол Улсын агаарын тээврийн салбарт Аэро Монголиа, Хүннү Эйр, Изинис Эйрвэйз, Монголиан Эйр Карго зэрэг дотоодын дөрвөн авиа компани үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээр компаниуд Embraer ERJ145LR, Embraer E-Jet E190 зэрэг агаарын хөлгөөр парк шинэчлэлт хийж, мөн олон улсын болон орон нутгийн чиглэлүүдийн нислэгийн тарифыг дунджаар 12-50 хувь хүртэл буурууллаа.

Аэро Монголиа компани 2019 онд Embraer ERJ145LR маягийн агаарын хөлгөөр парк шинэчлэлт хийсэн бөгөөд олон улсын Эрхүү, Хөххот, Тяньжин, орон нутагт Баян-Өлгий, Ховд, Увс, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Мөрөн, Ханбумбат зэрэг чиглэлүүдэд тогтмол нислэг үйлдэж байна.

Хямдарсан чиглэлүүд: /Өмнөх оны мөн үетэй харьцуулахад/

  • Улаанбаатар-Баян-Өлгий 294.900-259.000 төгрөг болж 12 хувиар,
  • Улаанбаатар-Ховд 278.900-229.000 төгрөг болж 18 хувиар,
  • Улаанбаатар -Увс 278.900-229.000 төгрөг болж 18 хувиар,
  • Улаанбаатар-Алтай 237.900-199.000 төгрөг болж 16 хувиар буурууллаа.

Тус компани 2018 онд 72 мянга 419 зорчигч тээвэрлэсэн бол 2019 онд 87 мянга 295 зорчигч тээвэрлэжээ.

ХҮННҮ ЭЙР ХХК НИСЛЭГИЙН ТАРИФЫГ 50 ХҮРТЭЛХ ХУВИАР БУУРУУЛЛАА

Дотоодын агаарын тээвэрлэгчдийн бас нэгэн томоохон төлөөлөл болох Хүннү Эйр компани агаарын хөлгийн парк шинэчлэх, дунд хугацааны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Embraer E-Jet E190 маягийн нийт дөрвөн ширхэг агаарын хөлгийг түрээсээр ашиглах гэрээ байгуулан ажиллаж байна. Эхний агаарын хөлгийг энэ 2020 оны тавдугаар сараас нислэг үйлдвэрлэлдээ ашиглан, ATR72 маягийн хоёр ширхэг агаарын хөлгийн хамт нийт гурван агаарын хөлгийн парктай үйл ажиллагаа явуулж байна.

Тус компани нь бүс нутгийн Эрээн, Хайлаар, Улаан-Үд, Манжуур зэрэг дөрвөн чиглэлд, орон нутгийн Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Өмнөговь, Хөвсөл, Дорнод, Оюу-толгой, Овоот зэрэг нийт 10 чиглэлд нислэг үйлдэж байна.

Хямдарсан чиглэлүүд:

  • Ховд, Увс, Баян-Өлгий чиглэлд дундаж тариф 2019 оны эхний найман сард нэг талдаа 379,000-420,800 төгрөг, хоёр талдаа 621,600-676,600 төгрөг байсан бол есдүгээр сараас эхлэн нэг талдаа 175,500-192,000 төгрөг, хоёр талдаа 346,600-379,600 төгрөг болж 40-50 хувь бууруулжээ.
  • Дорнод, Хөвсгөл, Даланзадгад чиглэлд дундаж тариф 2019 оны эхний найман сард 277,300-378,500 төгрөг, хоёр талдаа 384,100-605,200 төгрөг байсан бол есдүгээр сараас эхлэн нэг талдаа 144,500-155,200 төгрөг, хоёр талдаа 224,600-304,900 төгрөг болж 40-50 хувь буураад байна.

2018 онд нийт 2227 нислэг үйлдэж, 210 мянга 675 зорчигч тээвэрлэсэн бол 2019 онд нийт 2361 нислэг үйлдэж, 259 мянга 634 зорчигч тээвэрлэжээ.

ИЗИНИС ЭЙРВЭЙЗ КОМПАНИ ГУРАВДУГААР САРААС БУСАН РУУ ШУУД НИСНЭ 

Монгол Улсын Агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн авиа компаниудын анхдагчдын нэг Изинис Эйрвэйз компани хэсэг хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон ч 2019 оноос хэвийн ажиллаж, одоогоор Боинг 737-700 агаарын хөлгөөр Улаанбаатар-Хонгконг-Улаанбаатарын чиглэлд 7 хоногт 3 удаа шууд нислэг үйлдэж байна.

Тус компани олон улсын хуваарьт нислэгийн томилгоо авсны дараа буюу 2019 оны 6 дугаар сараас олон улсын шууд нислэг үйлдэж эхэлсэн юм. 2019 оны 12 дугаар сарын байдлаар 13000 гаруй зорчигч тээвэрлэжээ. Изинис Эйрвэйз компани нь ирэх 3 дугаар сараас Улаанбаатар-Бусан-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг үйлдэхээр томилгоо аваад байна. Ийнхүү агаарын тээвэрлэгч компаниуд, агаарын тээврийн гарц, олон улсын нислэгийн суудлын тоо нэмэгдсэнээр өрсөлдөөн бий болж, цаашид үнэ тариф буурч, манай улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэх эерэг нөлөөтэй юм.

МОНГОЛИАН ЭЙРВЭЙЗ КАРГО ХХК МОНГОЛЫН АНХНЫ АЧАА ТЭЭВРИЙН ОНГОЦОО ХҮЛЭЭН АВЛАА

Өнгөрөгч 2019 онд агаарын тээврийн салбарт онцлох олон үйл явдал тохиосны нэг нь Монгол Улс анх удаа ачаа тээврийн онгоцтой болсон явдал юм. Монголиан Эйрвэйз Карго компани ачаа тээврийн Боинг 737-300 маягийн агаарын хөлгөө 2019 оны долдугаар сард Чингис хаан олон улсын нисэх буудалд хүлээн авсан.

Энэхүү агаарын хөлгийг зөвхөн ачаа тээврийн зориулалтаар ашиглах бөгөөд манай улсын агаарын тээврийн салбарт анхдагч төдийгүй онцгой ач холбогдолтой юм. Учир нь сүүлийн жилүүдэд агаарын ачаа тээвэр хурдацтай өсөн нэмэгдэж, зөвхөн агаараар тээвэрлэсэн ачааны сүүлийн 10 жилийн дундаж өсөлт 4 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна.

Тус компани Боинг 737-300 агаарын хөлгөөр БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Хонгконг, БНСУ-ын Сөүл зэрэг чиглэлүүдэд агаарын тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Мөн ирэх 2 дугаар сараас гаалийн баталгаат терминалаа албан ёсоор ажиллуулж эхлэх юм.

Түүнчлэн Ерөнхий агаарын тээврийг хөгжүүлэх зорилтын хүрээнд дэд бүтэц муу хөгжсөн алслагдсан сум суурин руу жижиг оврын онгоц нисгэхээр төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал Сэлэнгэ аймаг, Хэнтийн Дадал, Говь-Алтайн Алтай, Ховдын Булган сумд руу нисэхээр бэлтгэж, эхний ээлжид Сэлэнгэ аймагт хийсэн туршилтын нислэг амжилттай болсон билээ.

Өнгөрөгч 2019 онд Монголын агаарын тээврийн салбар хүлээгдэж буй гүйцэтгэлээр 1 сая 622 мянга 649 зорчигч тээвэрлэсэн бөгөөд энэ нь өмнөх оноос 14 хувиар, олон улсын зорчигчийн тоо 1 сая 186 мянга 668 болж өмнөх оноос 16 хувиар, орон нутгийн зорчигчийн тоо 435 мянга 981 болж өмнөх оноос 9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.