Дорнод аймгийн Халх гол, Матад сумдын нутагт орших Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг" компанийн үйл ажиллагааг эсэргүүцсэн нутгийн иргэд болон "Машинтай жагсагчид" эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж байна. Дорнод аймгийн Засаг даргын албан даалгавраар болон тус хөдөлгөөний шаардлагын дагуу газрын тосны тээвэрлэлт болон олборлолтын үйл ажиллагааг хэсэгчлэн зогссон байна. "Петрочайна Дачин Тамсаг"-ийн зүгээс газрын тос олборлолтод 2000 гаруй морин толгой ашигладаг бөгөөд хятадууд өөрсдийн хятад дугаартай автомашинаар тээвэрлэлтээ хийдэг юм байна.Жагсагчидтай хамт Халхгол сумын Засаг дарга болон Ялалт багийн Засаг дарга нар тус компанийн удирдлагуудтай уулзаж, нийгмийн хариуцлагын гэрээг орон нутагтай хийх, тэр дундаа нөхөн сэргээлт хийх, Монгол ажилчдын цалинг нэмэх, ажлын цагийн хуваарийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар өөрчлөх, газрын тосны тээвэрлэлтийг Монгол компаниудаар гүйцэтгүүлэх шаардлагыг тавьжээ.Үүний хариуд "Петрочайна Дачин Тамсаг" компанийн XXI талбайн тэргүүн дэд дарга гэх хүн "Газрын тос олборлох технологийг нэг товч дараад шууд зогсоох боломжгүй.Тээвэрлэлтийн автомашиныг монгол ажилчид жолооддог. Ус ашиглах зөвшөөрөл дуусаагүй" гэлээ. Жагсагчид Дорнод аймгийн Ялалт багийн нутаг дэвсгэрт буюу Баянхошуу боомтын дэргэд хоёр гэр барьж, тус компанийн тээвэрлэлтэд хяналт тавьж, энэ сарын 28-нийг хүртэл зогсоохоор болсон байна. Улмаар дээрх шаардлагыг энэ сарын 28-ний дотор биелүүлэх хугацаа өгсөн бөгөөд хэрвээ шаардлагыг биелүүлж, хэлэлцээрт хүрэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ онцоллоо."Петрочайна Дачин Тамсаг"-ийн хувьд газрын тосны тээвэрлэлтийг өөрсдөө хариуцдаг. Ингэхдээ хятад дугаартай автомашинаар тээвэрлэлт хийдэг юм. Жагсагчдын зүгээр уг үйлдэл нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй байгаа учир газрын тосны тээвэрлэлтийг монгол компаниар гүйцэтгүүлэх, тэр дундаа Монгол Улсын автозамын хөдөлгөөнд хятад дугаартай автомашин оруулахгүй байхыг шаардсан. Мөн газрын тос тээвэрлэх хатуу хучилттай автозам бариагүйгээс болж тээвэрлэлтийн явцад шороо тоос ихээр босдог. Энэ нь хүн ардын болон мал амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, бэлчээрийн доройтол бий болгож байгаа аж.Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж нөхцөл байдлыг танилцуулангаа "Петрочайна Дачин Тамсаг" компанийг нөхөн сэргээлт хийх, тээвэрлэлтийн нөхцөлийг сайжруулж, хатуу хучилттай зам барих зэрэг шаардлага хүргүүлэхээ мэдэгТашрамд дурдахад, Монгол Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 32 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 25 талбайд 21 гэрээлэгч Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан, Засгийн газраар батлуулан ажиллаж байна.Эдгээрээс Тосон-Уул-XIX, Тамсаг-XXI талбайд “Петрочайна дачин тамсаг” ХХК, БХГ-97 талбайд “Доншен газрын тос Монгол” ХХК тус тус газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.“Петрочайна Дачин Тамсаг” ХХК: Хятадын Үндэсний газрын тосны корпорацийн харьяа төрийн өмчит “Дачин Ойл Фийлд Лимитед” компани нь 2005 оны наймдугаар сард Тамсагийн сав газрын XIX, XXI, XXII гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг АНУ-ын “СОКО Интернейшнл” ХХК-иас шилжүүлэн авч, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийг Монгол Улсад байгуулж, Дорнод аймгийн Халх гол, Матад сумдын нутагт орших Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайнуудад газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж эхэлсэн.“Доншен газрын тос Монгол” ХХК: БНХАУ-ын “Доншен Жингүн Петролеум Девелопмент Групп Сток” компани нь Монгол Улсын Засгийн газрын 1997 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 47 тоот тогтоолоор 2003 оны хоёрдугаар сарын 15-нд батлагдсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг Австралийн “Рок Ойл (Говь)” компаниас шилжүүлэн авсан. Улмаар БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Доншен газрын тос Монгол” ХХК-ийг Монгол Улсад байгуулж, Дорноговь аймгийн нутагт орших 1997 оны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.