Эр хүний бэлгийн чадавхид ээлтэй хүнс

Эр хүний бэлгийн чадавхид ээлтэй хүнс

Эр хүний зүрхэнд хүрэх зам ходоодоор нь дайрдаг гэсэн ардын цэцэн үг байдаг билээ. Энэ цэцэн үг шинжлэх ухааны үндэслэлтэй нь эдүгээ олон талаар батлагддаг. Сексопатологич эмч, эрдэмтэн мэргэжилтнүүд эрчүүдийн бэлгийн дур хүсэл ба үүнийгээ тайлах боломж, чадвар нь идэж байгаа хоол хүнстэй нь шууд хамааралтай байдаг хэмээн үзэж байна.

Ардын эмчилгээнд эрт дээр үеээс л тодорхой хүнсийг эрэгтэйчүүдийн бэлгийн чадварыг дээшлүүлэх зорилгоор хэрэглэж ирсэн билээ. Харин улс үндэстнүүдийн үзэл бодол өөр өөр байлаа. Славян үндэстнүүд ургамлын гаралтай хүнсийг илүүд үздэг байсан бөгөөд эр бэлэг эрхтэнтэй төстэй, лууван, улаан манжин, сонгино мэтийн ногоог эрхэмлэдэг байв.

Ялангуяа сармисанд илүү их ач холбогдол өгдөг. Орчин үед ч сармисыг хүний эрүүл мэндэд онц сайн нөлөөтэй ногоонд тооцдог билээ. Сармис нь хоол боловсролтыг сайжруулна, өвчин намдааж тайвшруулах байдлаар нөлөөлнө, шээс ялгаруулалтыг хэвийн болгоно, зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ, бэлгийн булчирхайнуудын ажиллагааг идэвхжүүлнэ гэх зэргээр олон талын ид шидтэй ногоо.

Баруун Европын улс үндэстнүүд түүхий өндгийг эрчүүдэд хэрэгтэй хүнсэнд тооцдог байсан бол Дорно дахиныхан амьтны бэлэг эрхтэн, нохойн мах, могойны шинэхэн цус мэтийн этгээд зүйлийг дээдлэн хэрэглэдэг. Хятадад “Шувууны үүр” хэмээх, фосфороор баялаг далайн хүнсээр хийсэн ( далайн ургамал, загасны түрс, далайн хараацайны үүр) шөлтэй хоолыг одоо хэр нь сэрэл хөдөлгөгч хоол хэмээн хэрэглэдэг.

Дашрамд дурьдахад, хамгийн балар эртний үеээс л загасыг бэлгийн идэвхийг хөгжөөдөг хүнсэнд тооцож байсан билээ. Чухам энэ шалтгаанаар эртний Египетэд мэргэч төлөгч нарт загас идэх хориотой байжээ. Энэ үзэл өнөөдрийг хүртэл ач холбогдлоо алдаагүй байгаа бөгөөд орчин үеийн сексологичид ч далайн гаралтай хүнс бэлгийн чадварыг дээшлүүлдэг гэдгийг олон судалгаа шинжилгээнийхээ үр дүнгээр нотлоод байгаа юм. Япончууд, эскимосууд мэтийн үндэстнүүдийн дунд эр хүн бэлгийн чадавхиа алдах тохиолдол маш ховор байдаг нь тэдний хоол хүнсний ихэнхи хувийг далайн тарган загас эзэлдэгтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна.

Ийнхүү, эрдэмтэн мэргэжилтнүүд, бэлгийн чадвараа сайжруулах, аль болох удаан хадгалахын тулд загас, загасны тос, бусад далайн сүүн тэжээлтэн амьтны өөх тос, ургамлаас “спирулин” хэмээх, фосфороос гадна бэлгийн чадварт чухал шаардлагатай аминхүчлүүд, бичил элемент болон амин дэмийг өөртөө маш их хэмжээгээр агуулж байдаг далайн ургамалыг хоол хүнсэндээ хэрэглэж байхыг зөвөлж байна. Мөн “трюфель” мөөг “секс хүнсний хаанд” тооцогддог.( Газрын хөрсөн доор 30 см- ын гүнд ургадаг, мартахын аргагүй амттай, үнэ нь төрлөөсөө хамаараад 1 кг нь 900 – 3000 доллар)

Эрэгтэйчүүдийн бэлгийн чадавхийг “алдаг” хүнсэнд амьтны гаралтай өөх тос нэг номерт бичигдэнэ хэмээн мэргэжилтнүүд нэгэн дуугаар баталж байна. Үүний баталгаа нь: бараг зөвхөн жимс, ногоо, самар зэргээр хооллодог буурай ядуу орнуудын иргэдийн дунд бэлгийн проблем ерөнхийдөө байдаггүй агаад төрөлтийн тал дээр ч ямар нэгэн асуудал байдаггүй. Мөн эдгээр орнуудад 100 – гаас дээш настай хүн олон байдгаас гадна тэд ийм өндөр насандаа ч бэлгийн амьдралаа үргэлжлүүлсээр л байдаг.

Барууны эмч нарын бас нэг зөвөлгөөг дурьдвал: эрэгтэйчүүд өглөөд цайр, калий, магний зэрэг бичил элементүүдийг хүнсний нэмэлт байдлаар идэж байх хэрэгтэй. Цайр бол эр гормон тестостероны синтезэнд чухал оролцоотой элемент бөгөөд, ялангуяа ахимаг насны эрчүүдийн дур хүсэл, бэлгийн чадавхид чухал хэрэгтэй, яагаад гэвэл нас ахих тусам хүний организм хүнснээс цайрыг шимж авах чадвар нь буурдаг, тиймээс түүнийг бэлдмэл байдлаар хэрэглэх нь чухал. Мөн тамхи, архи, кофе, зарим эм тариа болон халдавт өвчнүүд организмд хуримтлагдсан цайрын хэмжээг багасгах нөлөөтэй байдгаас эдгээрийг идэвхитэй хэрэглэдэг эрчүүдийн цусан дахь тестостероны хэмжээ бага, бэлгийн чадавхи нь сул байдаг.

Организмд нь цайр дутагдсанаас эрчүүд олон асуудалтай тулгардаг: бэлгийн сулрал, түрүү булчирхайн өөрчлөлт, үрийн шингэний хэмжээ ихээхэн багасах г.м. Хэрэв эрэгтэй хүүхдэд цайр дутагдвал бэлэг эрхтэн болон төмсөг нь дутуу хөгжих аюултай. Эрэгтэйчүүд цайрыг бэлдмэлээр өдөрт 15 мг – аар ууж байх хэрэгтэй. Цайраар баялаг хүнс бол: мах, самар, соёолуулсан улаан буудай, түүхий өндөг, элэг. Далайн бүтээгдхүүн, ялангуяа хясаанд хамгийн ихээр цайр агуулагддаг.

Ерөнхийдөө, буурцаг, төрөл бүрийн самар, трюфель мөөг, далайн бүтээгдхүүн, тахианы өндөг, хонь болон үхрийн элэг, жимс, ногоо, зөгийн бал – эрчүүдэд ээлтэй хүнс юм.

Харин эрчүүдийн “дайснаар” талхны болон шар айрагны хөрөнгө, тослог ихтэй сүү, шоколад, кофе, улаан лооль, брюссель байцаа, сахар, лаазалсан мах, утсан гахайн мах, хиам, зайдас, утсан загас, нөөшилсөн жимс, чихэрлэг ундаанууд зарлагдаад байгаа юм.

“Зуун граммын” дараа эрчүүдэд тааламжтай сайхан сэтгэл төрөн сэрэл нь хөдөлдөг ч тунг хэтрүүлбэл эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэдгийг санах хэрэгтэй.

Архи согтууруулах ундааг зохистой байдлаар хэрэглэх, зөв хооллох, эрүүл аж төрөх - энэ гурван хүчин зүйлийг л анхаарч байвал эр хүн эрүүл мэндээ насан туршдаа хадгалах боломжтой!


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.