БНСУ: Дунд сургуулийн багш тэдний “НАЙЗ” нь

БНСУ: Дунд сургуулийн багш тэдний “НАЙЗ” нь

2018 онд боловсролын салбарын хөгжил, сургалтын чанараараа дэлхийд номер номер нэгээр эрэмбэлэгдсэн БНСУ-ын туршлагыг танилцуулъя.

Оюунлаг, бүтээлч иргэдийг бэлтгэдэг, боловсон хүчний чадавхиараа тэргүүлдэг БНСУ-ын ерөнхий боловсролын сургуулийн систем ямар байдаг вэ.

БНСУ-ын ерөнхий боловсролын тогтолцоо нь бага сургууль зургаан жил, дунд сургууль гурван жил, ахлах сургууль гурван жил буюу 6+3+3 гэсэн үндсэн тогтолцоотой.

Цэцэрлэгээс эхлээд их, дээд сургууль хүртэл бараг ихэнх боловсролын байгууллага нэг жилийг хоёр улиралд хувааж, сургалтын төлөвлөгөөг боловсруулан үйл ажиллагаа явуулдаг. Хичээлийн нэгдүгээр улирал нь жил бүрийн гуравдугаар сард эхэлнэ. Эхний улирал дуусмагц нэг сар орчим зуны, хоёрдугаар улирал дуусмагц шинэ жилийн жил эхэлтэл өвлийн амралт үргэлжилнэ.

БНСУ-д суурь боловсролыг мөн л дөрвөн шаттай олгоно.

  • Сургуулийн өмнөх боловсрол
  • Бага сургууль
  • Дунд сургууль
  • Ахлах сургууль

Тухайлбал, бага сургуулийн боловсролыг зургаан наснаас олгож эхэлдэг. Одоогийн байдлаар хүүхдээ зургаан нас хүрэх жилийнх нь гуравдугаар сарын 01 хүртэл тооцож авч байна. Ихэвчлэн улсаас тогтоосон насанд бага сургуульд өгдөг боловч тухайн хүүхдийн эцэг эх өөрсдөө хүсвэл хүүхдээ тав юм уу долоон настайд нь бага сургуульд өгч болдог.

Хүүхдүүд сургуульд орох жилийнхээ нэгдүгээр сард сургуульд элсэх эрхийн бичиг аваад гуравдугаар сард сургуульдаа орно. Бага сургуулийн хичээлийн жилийн төлөвлөгөө нь 1-6 анги хүртэл зургаан шат дамжин явагддаг бөгөөд онцгой шалтгаан байхгүй тохиолдолд жил болгон анги дэвшдэг. Бага сургууль ч мөн адил улсын болон хувийн гэж хуваагдана. Улсын сургууль, хувийн сургууль сургалтын хөтөлбөр адил бөгөөд манайхтай адил хувийн сургууль нь төлбөртэй.

Бага сургуульд ямар хичээл үздэг вэ?

  • Бага анги - 1-3
  • Ахлах анги 4-6

Харин дунд сургуулийн боловсролыг бага сургуулиа төгссөн сурагчдад гурван жилийн хугацаатай олгоно. Солонгост дунд сургууль төгстөл албадан сургалт байдаг бөгөөд хичээл төлбөргүй, харин ахлах сургуулиас эхлэн төлбөртэй суралцдаг.

Мөн дунд сургуулиас эхлэн анги бүрт хичээлийг дааж авсан багш нар ордог ба анги даасан багш нь тухайн сурагчийн амьдралын ерөнхий байдал зэргийг хариуцан зөвлөгөө өгч ажилладаг.

Эх хэл, ёс суртахуун, нийгэм, математик, шинжлэх ухаан, биеийн тамир, дуу хөгжим, зураг, хөдөлмөр сургалт зэрэг үндсэн хичээлүүд орох бөгөөд компьютер, ханз, гадаад хэл зэргээс сонгон суралцах боломжтой.

Хичээлийн цагийн хувьд өдөрт дунджаар зургаан цаг орчим ба улирал бүрт хоёр удаа стандартчилагдсан үнэлгээний шалгалт өгнө. Дүнг сурлагын дэвтэрт нь бичээд гэр рүү нь илгээдэг.

Тэгвэл БНСУ-д ахлах сургууль хамгийн чухал сонголтын үед байдаг. Энэ үед сурагчид ерөнхий ахлах сургууль, техник технологийн ахлах сургууль, тусгай ахлах сургууль гэсэн сонголттой байдаг.

Ерөнхий ахлах сургуульд дээд сургуульд элсэн ороход шаардлагатай хичээлүүд ордог бол техник, технологийн ахлах сургуульд төгссөнийхөө дараа шууд ажлын байранд шаардагдах мэдлэг олгох хичээлүүд орно.

Харин тусгай ахлах сургууль нь шинжлэх ухаан болон гадаад хэл, биеийн тамир зэрэг авьяас чадварыг онцгойлон хөгжүүлэхэд чиглэгдсэн байдаг.  Тиймээс ахлах сургуулиудын хичээл нь сурууль, сургуулиасаа шалтгаалан өөр өөр байдаг. Сурагчид сургуулиа төгсөөд дээд сургуульд эсвэл ажилд шууд орно.

Дээрхээс гадна Солонгос улсад гадаад улсын иргэдийн хүүхдэд зориулсан сургууль болон олон соёлт гэр бүлийн хүүхдүүдэд зориулсан тусгай сургуулиуд бий. Тухайлбал, гадаад хүүхдүүдийн сургуулийн талаар онцлъё.

Гадаад хүүхдүүдийн сургууль:

Гадаад иргэдийн хүүхдүүд болон гадаадад гурваас дээш жил амьдарч байгаад буцаж ирсэн солонгос иргэдийн хүүхэд, солонгос хэлний чадвар муу байдгаас шалтгаалан энгийн сургуульд үргэлжлүүлэн сурах боломжгүй байдаг. Тиймээс Солонгосын харъяат болсон иргэдийн хүүхдийг сургах энэхүү сургуулийг Гадаад хүүхдүүдийн сургууль гэж нэрлэжээ. Өнгөрсөн оны байдлаар гадаад хүүхдүүдэд зориулсан 42 сургууль бүртгэгдсэн байна. Үүнээс Сөүлд 19, Гёнги аймаг 7, Бусанд 5, Инчонод 2, Гённамд 2, Дэгүд 2, Дэжон, Гуанжү, Үльсан, Ганвон, Жонбүгт тус бүр 1 сургууль байдаг аж.

Элсэхэд тавигдах шаардлага:

  • Эцэг эх болон эцэг эхийн аль нь нэг нь гадаадын иргэн байх тохиолдолд
  • Гадаадад 3-аас дээш жил оршин суусан БНСУ-ын иргэн / давхар иргэншилтэй хүн/
  • Солонгос хэлний чадвар дутмаг /энэ нь Сургуулийн зохион байгуулалтын хорооны шалтгалтаар тогтоогдсон байх/
  • Соёлын ялгааны улмаас сургуульд дасан зохицож чадахгүй байгаа сурагч
  • Бусад шалтгаанаар тухайн сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжгүй сурагч хамаарна.

Элсэлтийн журам нь:

Сургууль бүр өөр боловч ерөнхийдөө бүрдүүлсэн материалыг шалгах ба ярицлага хийнэ. Жилийн турш элсэлт авдаг.

Элсэлтэнд шаардлагатай бичиг баримт нь сургууль бүр өөр боловч ихэнх сургуулиуд хилээр орж гарсан баримт, гадаад паспорт, эрүүл мэндийн дэвтэр, өмнөх сургуулийн тодорхойлолт, дүнгийн хуулбар, тус улсын хэлний шалгалт өгсөн дүнгийн хуулбар зэргийг шаарддаг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.