Эквадор улсын ерөнхийлөгч асанг гэрийн хорионд оруулжээ
Ерөнхийлөгч асан Абдала Букарамд гэрийн хорио тогтоосон талаар Эквадор Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээлсэн байна.
Тус улсын хууль хяналтын байгууллагын ажилтнууд түүнийг нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлэгт зориулан эм, эмнэлгийн хэрэгсэл өндөр үнээр худалдаж авсан гэж үзэн мөрдөн байцаалтын хүрээнд гэрт нь нэгжлэг хийсэн байна.
Нэгжлэгийн явцад хайрцагтай эм бэлдмэл (5000 амны хаалт, COVID-19-ийг илрүүлэх 2000 ширхэг түргэвчилсэн шинжилгээ) болон зөвшөөрөл аваагүй гар буу, хэд хэдэн хайрцаг сумыг илрүүлэн хураан авсан байна. Иймд хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн хэрэгт холбогдуулан дахин мөрдөн байцаалтын хэрэг нээсэн бөгөөд ерөнхийлөгч асанд 5-7 жилийн хорих ял оногдуулах магадлалтай гэсэн байна.
Прокурорын байгууллага ерөнхийлөгч асныг баривчлах зөвшөөрөл хүсэн шүүхэд хандсан бөгөөд сэжигтэн 68 настай, эрүүл мэндийн хувьд асуудалтай тул түүнийг 30 хоног гэрийн хорионд байлгах шийдвэр гаргасан байна.
Абдала Букарам нь 1996-1997 онд Эквадор Улсын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан. 1997 оны 2 дугаар сард түүнийг буруутган ял тулгасан. Эквадор Улсын Үндэсний Конгресс (парламент) түүнийг “оюун ухааны хомсдолтой” гэж буруутгасан бөгөөд түүхэнд анх удаа оюун ухааны хомсдолтой үндэслэлээр төрийн тэргүүнээ албан ёсоор буруутгасан байна.
Букарам нь ерөнхийлөгчөөр томилогдсоныхоо дараа боловсролын систем, нийгмийн халамжийн тогтолцоог сайжруулах талаар өгсөн амлалтаа биелүүлж байгаа учир дуу дуулж, хөл бөмбөг тоглож, зах дээр очин хоол идэж байгаад санаа зовох хэрэггүй гэж мэдэгдэж байжээ. Тэрээр концертоо үргэлжлүүлэн тоглож, цомог гаргаж, тус улсын Цэргийн нисэх хүчний онгоцны нисгэгч болж, зурагтын цэнгээнт нэвтрүүлэгт тогтмол оролцож, өөрийгөө өдөр бүрийн гол мэдээний эх сурвалж болгож байсан.
Букарам нь Засгийн газрын хурал уулзалтаа янз бүрийн хотуудад ээлжлэн зохион байгуулж ард түмэнд ойртон очин мэндэлж, тэвэрч олон түмэнд ойр улс төрчийн дүрийг бүрдүүлж байсан. Тэрээр нийслэл Кито хот дахь ерөнхийлөгчийн ордонд амьдрахаас татгалзаж Гуаякилья хотод байх өөрийн гэртээ амьдардаг байсан.
Ард иргэд түүнийг янз бүрийн өнцгөөс олон талаас нь шүүмжилж байсан. Түүнийг ах дүү, төрөл саднаа төрийн албанд оруулсан гэж буруутгасан. Тэрээр ахыгаа сайдаар, хүүг нь гаалийн газрын даргаар томилсон, хэд хэдэн найзууд нь сайд болсон байна.
Удалгүй улс оронд нь хүнд хямрал үүссэн. 1997 оны 1 дүгээр сард ерөнхийлөгч Букарамыг эсэргүүцэж зүүнтнүүд, консерваторууд, уугуул иргэд нэгдсэн. Эсэргүүцлийн үйл ажиллагаанд өмнөх ерөнхийлөгчид, хотуудын захирагч нар мөн нэгдсэн байна. Хоёр сая гаруй хүн оролцсон томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаалын дараа 1997 оны 2 дугаар сарын 6-нд тус улсын Үндэсний Конгресс Букарамыг эмнэлгийн дүгнэлтгүйгээр “оюун ухааны хомсдолтой” гэсэн дүгнэлт гаргаж, түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулсан байна.
Тус улсын Үндсэн хуулийн цэц уг санал хураалтыг хууль зөрчсөн гэж үзсэн боловч ерөнхийлөгчийг эсэргүүцэгчид уг шийдвэрт анхаарал хандуулаагүй байна.
“Миний тэмцэж чадахгүй байгаа олигархиуд намайг ерөнхийлөгчийн албан тушаалаас зайлуулсан” гэж Букарам мэдэгдсэн. Тэрээр тус улсаас зугтаж хөрш Панамд очин улс төрийн орогнол авсан байна. Букарам нь улсын хөрөнгийг шамшигдуулсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа 2017 онд эх орондоо буцаж ирсэн байна.
Нийтэлсэн: Авлигатай Тэмцэх газар
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.