АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп яагаад Герман дахь цэргийнхээ тоог цөөлөх болов.
-Шахалт үзүүлэх нэг хэлбэр үү-
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп яагаад Герман дахь америк цэргүүдийн тоог цөөлөхөөр төлөвлөж байна вэ. Тэрбээр ХБНГУ дахь америк цэргүүдийн тоог хоёр дахинаас ч илүүгээр цөөлөхөөр төлөвлөж байгаа аж. Түүний ярьж байгаагаар Герман улс холбоотны цэргийн эвслийн санхүүжилтэд хангалттай оролцохгүй байгаа гэнэ. АНУ Германыг хамгаалах ёсгүй гэж Цагаан ордны тэргүүн хэлжээ. Германы удирдлагууд Москватай эрчим хүчний салбарт хамтран ажиллахын тулд цэргийн эвслийн санхүүжилтэд хангалттай хувь нэмэр оруулахгүй байна гэж Доналд Трамп үзэж байна.
Шинжээчдийн дүгнэж байгаагаар Цагаан ордны тэргүүний энэ дүгнэлт нь зөв бөгөөд үндэслэлтэй гэхэд хэцүү аж. Герман улс “Хойд урсгал 2”-ын бүтээн байгуулалтад оролцож, эдийн засгийн үр өгөөжөөс нь болж Оросоос байгалийн хий худалдаж авдаг бол “НАТО-гийн тохиолдолд” Берлин “бодит ногдол ашиг авдаггүй” гэж шинжээчид үзэж байна.
Хэцүү харилцаа
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Герман дахь америк цэргүүдийн тэн хагасыг багасгана гэж амлажээ. Тэрбээр “Бид америк цэргийн тоог 25 мянга болгож бууруулж байгаа. Юу болохыг харцгаая. Гэхдээ Герман үүргээ биелүүлээгүй. Нэмж хэлэхэд, би энэ сэдвийг хөндөж байсан. Бүгд л Трампыг Орос улстай холбоотой гэдэг. Би эртнээс энэ тухай ярьсан. Герман улс яагаад Орост эрчим хүчний эх үүсвэр гэж хэдэн тэрбум ам.долларыг төлдөг юм бэ. Харин дараа нь бид яагаад Германыг Оросоос хамгаалах ёстой гэж” хэмээн сэтгүүлчдэд хэлсэн байна. Америкийн удирдагч мөн одоо Герман улсын нутаг дэвсгэрт АНУ-ын 52 мянган цэргийн албан хаагч байгаа гэжээ. Доналд Трамп “Энэ бол маш их хэмжээ. АНУ-д үүнтэй холбоотойгоор асар их зардал гарах болно. Үүний зэрэгцээ Герман улс НАТО-д хувь нэмэр оруулах үүргээ зөрчиж байна” гэсэн байна. Герман улс хоёр хувийг (ДНБ-ий) төлөх ёстой ч нэг хувийг төлдөг аж. Хоёр хувийг төллөө ч маш бага байна, илүү ихийг төлөх ёстой, тус улс нэг тэрбум ам.доллар төлөөгүй байна гэж Трамп хэлжээ. Үүний зэрэгцээ сайн цалинтай Америкийн цэргийн албан хаагчид Германд амьдардаг бөгөөд тэнд асар их мөнгө зарцуулдаг гэж АНУ-ын Ерөнхийлөгч онцолжээ. Тэрбээр “Германы цэргийн баазуудыг тойрсон газрууд хөгжиж байна. Герман улс авдгаа авч байна. Энэ бүхнээс харахад эдгээр нь худалдааны харилцаанд сайнаар нөлөөлөхгүй” гэв. Трамп Германтай хийсэн худалдааны хамтын ажиллагааны олон жилийн туршид АНУ хэдэн зуун тэрбум ам.доллар алдаж байна гэж цохон тэмдэглэжээ. АНУ Германыг хамгаалдаг, ХБНГУ Америктай хийсэн худалдаанаас ашиг олж байна гэж Трамп үзэж байгаа аж. Герман улсыг маш шударга бус байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлжээ.
Трампын дээрх мэдэгдлийн хариуд Германаас АНУ-д суугаа Элчин сайд Эмили Хабер Америкийн цэргийнхэн трансатлантын аюулгүй байдлыг хамгаалах болон АНУ-ын дэлхийн хүч чадлыг харуулахаар Европт байгааг цохон тэмдэглэв. Тэрбээр “АНУ-ын цэргийнхэн Германыг хамгаалахын тулд биш, харин трансатлантын аюулгүй байдлыг хангахын тулд байгаа... Бас Африк болон Азид Америкийн оролцоог дэмжихийг хүсэж байна” гэжээ. Өмнө нь Германы Гадаад хэргийн сайд Хайко Маас мөн Герман дахь Америкийн цэргүүдийг цөөлөх тухай мэдээлэлд хариу өгсөн байна. Түүний хэлснээр АНУ энэ алхмаа Германы талтай зөвлөлдөөгүйд гайхах зүйл байхгүй аж. Хэрэв уг шийдвэр АНУ-ын Засгийн газарт бүрэн тохиролцоогүй байгаа нь тодорхой бол Германтай бас тохироогүйд гайхах зүйл байхгүй гэж Гадаад хэргийн сайд Германы ZDF телевизийн сувагт ярьжээ. Тэрбээр мөн Вашингтонд олон хүн энэ шийдвэрт сэтгэл дундуур байгаа гэсэн байна. Хайко Маас Берлин болон Вашингтоны харилцааг хэцүү гэж нэрлэжээ.
АНУ юу ч олохгүй
Шинжээчид Трампын шийдвэрийг Германы ОХУ-тай эрчим хүчний салбарт байгуулсан хамтын ажиллагаанаас болсон зайлшгүй зүйл гэв. АНУ Берлинд дарамт шахалт үзүүлэх замаар байгалийн хийн хоолой барих ажилд Москватай хамтын ажиллагааг нь зогсоолгохыг хүсэж байна гэжээ. Өөрөөр хэлбэл, Доналд Трамп эдийн засгийн ашиг тусын төлөө НАТО-гийн холбоотонд ч дарамт үзүүлэхэд бэлэн байгаа аж.
Герман улс “Хойд урсгал 2” хийн хоолойн хүрээнд Орос улстай хамтран ажиллаж, хүн амаа шаардлагатай нөөцөөр хангахын тулд Оросын хийг худалдаж авдаг. НАТО-гийн хувьд Герман бодит ногдол ашиг авдаггүй аж. НАТО нь АНУ-ын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборт мөнгө зарцуулдаг бөгөөд зөвхөн АНУ-ын ашиг сонирхлыг харгалзан үздэг гэж үзэх шинжээч ч байна. Харин АНУ ямар ч аргаар хамаагүй “Хойд урсгал 2”-ыг хаахыг хичээдэг нь харагддагн. Гэсэн хэдий ч Вашингтоны саадыг үл харгалзан хийн хоолойн ажлыг дуусгахаа Орос болон Германы тал мэдэгддэг.
Түүнчлэн АНУ-ын цэргийн стратегийн тухайд Герман улс дахь цэргүүдээ цөөлсөн ч АНУ юу ч олж чадахгүй гэж Оросын шинжээчид бичсэн байлаа.
https://zindaa.mn/3a5x
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.